- OPEC+ ирэх зургадугаар сард олборлолтоо 411,000 баррелиар нэмэгдүүлэх шийдвэр гаргав.
- Газрын тосны үнэ дөрвөн жилийн доод түвшинд хүрч, зах зээлийн эрэлт суларна гэсэн хүлээлт давамгайлж байна.
- Саудын Арабын шахалтаар Ирак болон Казахстаныг үүргээ биелүүлээгүйн төлөө шийтгэх зорилго агуулсан байж болзошгүй.

OPEC+ бүлэг зургадугаар сард газрын тосны олборлолтыг өдөрт 411,000 баррелиар нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Энэ нь дараалан хоёр дахь сардаа өсгөж буй явдал бөгөөд үүнийг бүлгийн онлайн хуралдаанаар ердөө нэг цаг орчим хэлэлцэн шийдвэрлэсэн байна. OPEC+ зах зээлийн үндсэн үзүүлэлтүүдийг “эрүүл” бөгөөд нөөц багатай хэвээр байгаа гэж үзэж байна.
Өнгөрсөн 4-р сард OPEC+ бүлэг 5-р сарын нийлүүлэлтийг хүлээлтээс давуулан нэмэгдүүлэх шийдвэр гаргасны дараа газрын тосны үнэ нэг баррель нь 60 ам.доллараас доош орж, сүүлийн дөрвөн жилийн хамгийн доод түвшинд хүрээд байсан. Үүнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тарифын бодлого нь дэлхийн эдийн засгийн сулралтад хүргэх вий гэсэн болгоомжлол нэмэгдсэн юм.
OPEC+ дэх эх сурвалжуудын мэдээлснээр, Саудын Араб нь Ирак, Казахстан хоёр гишүүн орон үүргээ хангалтгүй биелүүлж байгаад дургүйцэж, нийт олборлолтын хязгаарлалтыг сулруулахаар бусад гишүүдээ шахаж байгаа аж. Ерөнхийлөгч Трамп ч OPEC+ бүлгийг олборлолтоо нэмэгдүүлэхийг олон удаа шаардсан ба энэ сард Саудын Арабт айлчлах төлөвтэй байна.
2024 оны 12-р сард OPEC+ бүлгийн өдөрт 2.2 сая баррель хэмжээтэй олборлолт бууруулах сүүлийн хэлэлцээрийг хэрэгжүүлж буй найман орон 2025 оны дөрөвдүгээр сараас эхлэн сар бүр ойролцоогоор өдөрт 138,000 баррель хэмжээтэй үе шаттайгаар зогсоохоор тохирсон. Зургадугаар сард хийгдэх нэмэгдлээр 4, 5, 6-р саруудад нийтдээ өдөрт 960,000 баррель буюу нийт таналтын 44 хувийг буцаан сэргээх тооцоог Reuters гаргажээ.
Өнгөрсөн баасан гарагт брент фьючерс үнэ 1 хувиас дээшээр унаж, нэг баррель нь 61.29 ам.доллар болсон. Найдвар сул, худалдааны зөрчлийн үед OPEC+-ийн мэдэгдэл газрын тосны үнийг даваа гарагт цаашид буурахад хүргэнэ гэж UBS-ийн шинжээч Жованни Стауново үзэж байна. Тэрбээр “Энэ бол зах зээлийн эзлэх хувийн төлөөх тэмцэл бус, бүтээгдэхүүний таналтыг буцаан арилгах үйл явц” хэмээжээ.
Reuters-ийн мэдээлснээр, Саудын Араб газрын тосны үнийг дэмжих зорилгоор дахин таналт хийх сонирхолгүй байгаагаа түншүүддээ ил тод мэдээлсэн байна. RBC Capital Markets-ийн Хелима Крофт “Дахин хэлэлцэх гол анхаарал нь үүргийн биелэлт болж байна. Ирак, Казахстан хоёр амласнаараа таналтаа биелүүлэхгүй хэвээр байгаа бол Орос мөн бага хэмжээгээр хоцорч буй” хэмээн дүгнэжээ.
Казахстан энэ сард OPEC+-ийн шаардлагыг зөрчиж Эрчим хүчний сайд нь “үндэсний эрх ашгаа бүлгийнхээс дээгүүр тавина” гэж мэдэгдсэн. Үүний улмаас тус улсын дөрөвдүгээр сарын олборлолт OPEC+-ийн квотыг давсан бөгөөд өмнөх сартай харьцуулахад 3 хувь өссөн байна.
OPEC+ буюу Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба Орос зэрэг холбоотнууд нийлээд тохирсон зах зээлд өдөрт 5 сая баррель газрын тос бага нийлүүлэх таналтыг үргэлжлүүлж байгаа бөгөөд эдгээр таналтуудын дийлэнх хэсэг 2026 оны эцэс хүртэл үргэлжлэх юм. Тус бүлэг тавдугаар сарын 28-нд сайд нарын өргөтгөсөн хурлаа хийхээр төлөвлөжээ.