bnr-0
Сингапурт эрх баригч нам үнэмлэхүй ялалт байгуулж, Ерөнхий сайд Лоуренс Вонгийн байр суурийг бататгав
05 сарын 05, 2025
ХУВААЛЦАХ
  • Ардын үйл ажиллагааны нам парламентын 97 суудлын 87-г авч, засаглалаа үргэлжлүүлэв.
  • Ерөнхий сайд Лоуренс Вонг намын даргын хувиар анхны сонгуульдаа амжилттай оролцлоо.
  • Намын авсан саналын хувь 65.6 хүрч, өмнөх сонгуулийн доод түвшнээс мэдэгдэхүйц өсөв.
Лоуренс Вонгийн хувьд Ерөнхий сайд болон намын даргын албан тушаалд анх удаа удирдан оролцож буй сонгууль нь амжилттай өндөрлөж байна.

Сингапурын Ардын үйл ажиллагааны нам улс орондоо 66 жилийн туршид тогтвортой барьж ирсэн нэг намын засаглалын уламжлалаа энэ удаагийн сонгуулиар дахин нотоллоо. Бямба гарагт явагдсан бүх нийтийн сонгуулийн дүнгээр эрх баригч нам парламентын нийт 97 суудлын 87-г авч, илт давуу байр сууриа хадгалсан байна.

Энэхүү ялалт нь 2024 онд Ли Сянь Лүны залгамжлагчаар томилогдсон Ерөнхий сайд Лоуренс Вонгт улс төрийн хувьд хүчтэй дэмжлэг болж байгаа бөгөөд түүний хувьд төрийн тэргүүн болон намын даргын албан тушаалд анх удаа удирдан оролцож буй сонгууль нь амжилттай өндөрлөж байна.

Сонгуулийн хорооны мэдээлснээр, АҮАН санал хураалтын үр дүнд 82 суудлыг авсан бол өмнөх долоо хоногт өрсөлдөөнгүйгээр 5 суудлыг аваад байсан юм. Харин сөрөг хүчин болох Ажилчдын нам өмнөх суудлуудаа хадгалж, нийт 10 гишүүнтэйгээр парламентад үлдлээ.

Энэ удаагийн сонгуульд Ардын үйл ажиллагааны нам нийт сонгогчдын 65.6 хувийн дэмжлэг авчээ. Энэ нь 2020 оны сонгуульд бүртгэгдсэн 61 хувийн саналын хувьтай харьцуулахад мэдэгдэхүйц өссөн үзүүлэлт болж байна. Тухайн жилийн сонгуульд нам анх удаа дотооддоо “сэрэмжлүүлэх дохио” хэмээн үнэлэгдэхүйц бага санал авч байсан нь тус намын хувьд онцлох үйл явдал байв.

Ерөнхий сайд Вонг өөрийн тойрогт ялалт байгуулсны дараа дэмжигчидтэйгээ уулзаж, “Итгэл найдвар өгсөн бүх хүмүүстээ гүн талархал илэрхийлье. Энэхүү итгэлийг би хүндэтгэж, Сингапурын төлөө бүхий л чадлаараа зүтгэнэ” хэмээн мэдэгджээ.

Намын дэмжигчид сонгуулийн үр дүн тодорхой болмогц баяраа тэмдэглэж, Сингапурын туг далбаа намируулан хотын гудамжинд цугласан байна. Харин улс төрийн ажиглагчдын зүгээс энэ ялалтыг Вонгийн тэргүүлсэн шинэ үеийн удирдлагад ард иргэдийн өгсөн анхны итгэлцлийн тэмдэг гэж дүгнэж буй юм.

Саналын дүн гармагц АНУ-ын Төрийн департамент Ерөнхий сайд Вонгт баяр хүргэж, эдийн засгийн өсөлт болон батлан хамгаалахын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен “Европын Холбоо Сингапуртай тогтоосон маш сайн хамтын ажиллагаагаа үнэлж байна” хэмээн X платформд мэдэгдэж, худалдаа, хөрөнгө оруулалт, батлан хамгаалахаас эхлээд инновац хүртэл олон салбарт хамтын ажиллагаа өргөжиж буйг дурдсан байна.

Гэвч тус улс дотооддоо эдийн засгийн тодорхойгүй байдалтай тулгарч буй. Дөнгөж дөрөвдүгээр сард Сингапурын эрх баригчид энэ оны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн төлөвийг 0-2 хувь болгон бууруулсан. Улмаар Төв банк нь мөнгөн бодлогоо хоёр удаа зөөлрүүлээд байна. Нэгдүгээр улирлын эдийн засгийн өсөлт 3.8 хувьтай гарсан нь хүлээлтээс доогуур үзүүлэлт болсон юм.

Ерөнхий сайд Вонг энэ оны эхэнд Сингапур 2025 онд эдийн засгийн уналтад орж болзошгүйг анхааруулж аж үйлдвэр, бизнесийн чиглэлээр яаралтай дэмжлэг үзүүлэх зорилгоор Шадар сайд Ган Ким Ёноор ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Сайд Ган өнгөрсөн сард АНУ-ын Худалдааны сайд Ховард Лутниктэй утсаар холбогдон АНУ-д экспортолж буй эмийн бүтээгдэхүүнд хөнгөлөлт үзүүлэх асуудлаар хэлэлцэж, мөн хиймэл оюуны өндөр технологийн чипийн экспортын хяналтыг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон талаар мэдээлжээ.

АНУ-ын зүгээс дөрөвдүгээр сарын эхээр бүх улсад нэгэн жигд үйлчлэх 10 хувийн тарифын бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Сингапур ч тарифт хамрагдах юм. Тус улс АНУ-тай 2004 онд байгуулсан чөлөөт худалдааны гэрээтэй төдийгүй хоёр орны хооронд худалдааны баланс Сингапурын хувьд алдагдалтай байдаг юм. Гэсэн хэдий ч шинэ тарифын зөрчилд Сингапур өртсөн нь гадаад худалдаанд шинэ сорилт тулгарсныг харуулж буй юм.

Харин Сингапурын улс төрийн хяналттай, нам төвтэй системд энэхүү сонгуулийн үр дүнг өөрчлөлт бус харин тогтвортой байдлын илэрхийлэл хэмээн үзэж болно. Ерөнхий сайд Вонг одоо парламент дахь хүчтэй олонхийн дэмжлэгтээ түшиглэн бодлогын залгамж халааг үргэлжлүүлэх боломжтой болж байна.   

mobile-logo