- 999.9 сорьцын алтан гулдмай, 999 сорьцын мөнгөн үрлийг зах зээлд гаргалаа.
- Лондонгийн үнэт металлын биржийн итгэмжлэлтэй үйлдвэрт цэвэршүүлсэн бүтээгдэхүүн.
- Худалдан авалтын мэдээлэл болон үнийн жагсаалтыг erdenesiinsan.mn сайтаас авах боломжтой.

Монголбанк Эрдэнэсийн сангаар дамжуулан олон улсын үнэт металлын стандартад нийцсэн алт, мөнгийг иргэдэд худалдаалах ажлыг үргэлжлүүлж байна. Тус банкны мэдээлснээр, Лондонгийн Үнэт Металлын Биржийн итгэмжлэгдсэн үйлдвэрлэгчдийн жагсаалтад багтдаг, олон улсын чанарын шалгуурт нийцсэн үйлдвэрт цэвэршүүлж, гарал үүслийн бүртгэлтэй 999.9 сорьц бүхий алтан гулдмай, 999 сорьц бүхий үрлэн хэлбэртэй цагаан мөнгийг нийлүүлж байгаа аж.
Иргэд, байгууллагууд энэхүү бүтээгдэхүүнүүдийг Монголбанкны Эрдэнэсийн сангаас албан ёсоор худалдаж авах боломжтой юм байна. Алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгө нь цэвэршүүлэлтийн өндөр түвшинтэйгээс гадна гарал үүслийн бүртгэлтэй тул баталгаатай, найдвартай хөрөнгө оруулалтын нэг хэлбэр болж байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
Түүнчлэн Монголбанк зөвхөн албан ёсны сувгаар дамжуулан баталгаажсан сорьц бүхий бүтээгдэхүүн худалдаалж байгаа нь зах зээлд тархаад буй чанаргүй, гарал үүсэл нь тодорхойгүй үнэт металлаас ялгарах гол давуу тал хэмээн үзэж байна. Энэ нь иргэдийн хөрөнгийн эрсдэлийг бууруулахын зэрэгцээ үнэт металлын зах зээлд ил тод байдал, зохистой бодлогыг дэмжих алхам болж байгаа юм.
Харин эдгээр бүтээгдэхүүний үнийн мэдээлэл, хэмжээ, хэлбэр болон захиалгын нөхцөл, худалдан авах боломжтой байршлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Монголбанкны Эрдэнэсийн сангийн албан ёсны вэб сайт болох erdenesiinsan.mn-с үзэх боломжтой байна.