- Зэс, палладий, уран зэрэг стратегийн түүхий эдийн төслүүдийг FAST-41 хөтөлбөрт хамрууллаа.
- Шинэ төслүүдийн явц олон нийтэд ил нээлттэй, төрийн цахим хуудсаар хянагдаж байна.
- Импортын бүх чухал ашигт малтмалд тариф тогтоох асуудлыг АНУ судалж эхэлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргаа стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын олборлолтыг эрчимжүүлэх үүднээс дахин 10 төслийг “FAST-41” түргэвчилсэн зөвшөөрлийн хөтөлбөрт хамрууллаа. Энэхүү алхам нь улсын дотоодын түүхий эдийн хангамжийг бэхжүүлж зөвшөөрлийн удаашралтай процессыг хөнгөвчлөх зорилготой юм.
2015 онд хэрэгжиж эхэлсэн FAST-41 хөтөлбөр нь уул уурхай, эрчим хүч зэрэг дэд бүтцийн томоохон төслүүдийг холбооны шатны зөвшөөрөл, хянан шийдвэрлэх хугацааг богиносгож, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилготой юм. Хамгийн сүүлд нэмэгдсэн жагсаалтад Швейцарийн Glencore болон Канадын Teck Resources компанийн хамтарсан Миннесота дахь зэс, никелийн орд, Energy Fuels-ийн Нью Мексико дахь ураны төсөл багтаж байна. Мөн Өмнөд Африкийн Sibanye Stillwater компанийн Монтана муж дахь палладийн уурхайг өргөтгөх ажил, Аляска дахь Hecla Mining-ийн мөнгөний уурхай, Жоржиа дахь Chemours компанийн титан-диоксидын төслүүд оржээ.
АНУ-ын Засгийн газар эдгээр төслийн зөвшөөрөл, хэрэгжилтийн явцыг албан ёсны цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд ил тод мэдээлж байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх нэг алхам гэж үзэж байна. Өмнө нь ч Ерөнхийлөгч асан Жо Байден FAST-41-ийн хүрээнд South32 компанийн Hermosa төслийг анх түргэвчилсэн хэлбэрээр баталж байсан юм.
Эдийн засгийн аюулгүй байдал, худалдааны хараат бус байдлыг хангах зорилгоор Трамп өнгөрсөн сард өөр нэг чухал шийдвэр гаргаад буй. Тэрбээр АНУ-ын хилээр орж ирж буй бүх төрлийн стратегийн ашигт малтмалд шинэ тариф ногдуулах асуудлыг судалж эхлэхийг төрийн байгууллагуудад даалгасан юм. Уг судалгаа нь АНУ-ын эдийн засгийн хамгаалалт болон Хятадын эсрэг худалдааны шахалтыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд хийгдэж байгаа ажээ.
Цаашид АНУ дотоодын олборлолтыг нэмэгдүүлж, гадны хангамжаас хараат байдлаа бууруулах чиглэлд анхаарлаа төвлөрүүлэх төлөвтэй байна. FAST-41 хөтөлбөр нь энэ бодлогын нэг гол хэрэгсэл болж, олон улсын уул уурхайн компаниудыг АНУ-д хөрөнгө оруулахад түлхэц өгч байна.