- “Apple” энэ улиралд тарифын улмаас 900 сая ам.долларын нэмэлт зардал хүлээнэ гэж мэдэгдлээ.
- “Amazon”, “Airbnb” зэрэг хэрэглэгч төвтэй бизнесийн ирээдүйн төлөвт сөрөг дохио өгч байна.
- Зар сурталчилгаанд тулгуурласан технологийн компаниуд одоогоор тогтвортой байгаа ч болгоомжлол нэмэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хэрэгжүүлж буй дэлхийн худалдааны бодлогын өөрчлөлт технологийн салбарын тайлангийн улиралд эргэлзээ болон тодорхойгүй байдлыг бий болгож, зарим бизнес илүү хурдан дарамтад орж эхэллээ.
Хэрэглэгчийн зарцуулалтанд түшиглэсэн бизнесүүд зах зээл удааширч эхэлж буйг мэдэрч байхад зар сурталчилгаанд тулгуурласан компаниуд ойрын хугацаанд харьцангуй тогтвортой байна.
“Block” компани тайландаа жилийн эцсийн төлөвт болгоомжтой хандана гэж мэдэгдсэнээс гадна тус компанийн хоёрдугаар улирлын ашгийн хүлээлт зах зээлийг гонсойлголоо. “Airbnb” мөн улирлын төгсгөлд Канад–АНУ хоорондын аялал жуулчлалын идэвх суларсан талаар дурдаад ирээдүйн төлөвтөө урам хугармаар тайлбар хийжээ. Хувьцаа эзэмшигчдэд илгээсэн тус компанийн захирлуудын захидалд “АНУ-д борлуулалт харьцангуй сул байгаа нь өргөн хүрээний эдийн засгийн тодорхойгүй байдалтай холбоотой” гэж дурдсан байна.
Технологийн аварга компаниуд ч Трампын худалдааны бодлогын нөлөөнд өртөж эхэлжээ. “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк энэ улиралд тарифын улмаас 900 сая ам.долларын зардал гарна гэж мэдэгдээд цаашдын нөхцөл байдлыг урьдчилан таамаглахад “маш хүндрэлтэй” байгааг онцолсон юм. Тэрбээр АНУ-д зарагдаж буй бүтээгдэхүүний ихэнхийг Энэтхэг, Вьетнамаас нийлүүлж буйг хэлээд “АНУ-д борлуулагдах iPhone-ий ихэнх нь Энэтхэг улсаас, харин iPad, Mac, Apple Watch болон AirPods зэрэг бусад бүтээгдэхүүн Вьетнамаас гаралтай байна” гэж тодруулав.
“Amazon” ч мөн адил тарифын дарамтыг мэдэрч эхэлж байгаа бөгөөд тус компанийн энэ улирлын төлөв мөн л сул байна. Санхүү хариуцсан захирал Брайан Олсавски “тариф, худалдааны бодлого болон уналтын айдас” нь бизнес төлөвт гол сөрөг нөлөө үзүүлж буйг хэлэв. АНУ саяхан Хятадаас импортлох бараанд ногдуулах тарифыг 145 хувь болгон өсгөсөн бөгөөд Amazon мөн 800 ам.доллароос доош үнэтэй барааг татваргүй нэвтрүүлдэг “de minimis” хөнгөлөлтийн хугацаа дууссаныг цэгнэж эхэлж байна. Гэсэн ч “Amazon”-ийн зар сурталчилгааны орлого жилийн өмнөхөөс 19 хувиар өссөн нь тайлангийн хамгийн гэрэл гэгээтэй хэсэг байлаа. Үүнтэй адил зар сурталчилгаанд төвлөрсөн бусад технологийн компанийн үзүүлэлт богино хугацаанд сайн байсан ч ирээдүйд болгоомжтой байхыг анхааруулсан байна.
“Alphabet” компани зар сурталчилгааны орлого өссөн гэж мэдэгдээд “de minimis” хөнгөлөлтийн өөрчлөлт нь энэ жил ялангуяа Ази дахь бизнест “бага зэрэг дарамт” үзүүлнэ гэж анхааруулав. “Meta” компанийн зар сурталчилгааны орлого хүлээлтээс давсан ч санхүүгийн захирал Сьюзан Ли “Азийн зарим цахим худалдааны компаниуд сурталчилгааны зардлаа танасан” гэж хэлжээ. “Тэдгээр зарцуулалтын нэг хэсэг нь өөр зах зээл рүү шилжсэн ч нийт зар сурталчилгааны хэмжээ дөрөвдүгээр сарын өмнөх түвшнээс бага байна” гэж тэрбээр тодруулжээ.
Хэрэглэгчийн итгэл сулрах хандлага зөвхөн технологийн салбарт хязгаарлагдахгүй байна. Агаарын тээвэр, зоогийн газар, жижиглэн худалдааны салбар ч мөн адил хүндрэл мэдрэгдэж эхэлжээ.