bnr-0
Зэсийн олборлолт эрс буурсан нь Glencore-ийн хувьцаанд хүчтэй дарамт үзүүлэв
05 сарын 05, 2025
ХУВААЛЦАХ
  • Эхний улиралд зэсийн олборлолт 30 хувиар буурч, хувьцааны ханш 8.6 хувиар унав.
  • Компанийн зах зээлийн үнэлгээ 2022 оноос хойш 50 гаруй хувиар буурч, 40 тэрбум ам.долларт хүрлээ.
  • 2025 оны олборлолтын төлөвийг хадгалсан ч өнгөрсөн жилийн түвшнээс доогуур байна.
Швейцарьт төвтэй уул уурхай, түүхий эдийн арилжааны Glencore компани 2025 оны эхний улиралд зэсийн олборлолт нь огцом буурснаа мэдэгдлээ.

Швейцарьт төвтэй уул уурхай, түүхий эдийн арилжааны Glencore компани 2025 оны эхний улиралд зэсийн олборлолт нь огцом буурснаа мэдэгдсэнээр тус компанийн хувьцааны ханшид томоохон уналт дагууллаа.

Тайланд дурдсанаар Glencore энэ оны эхний улиралд нийт 167,900 тонн зэс олборлосон нь өмнөх оны мөн үеэс 30 хувиар багассан үзүүлэлт болсон байна. Энэ бууралтад гол нөлөө үзүүлсэн хүчин зүйлсийн дунд Чилийн Collahuasi уурхай, Перугийн Antapaccay, Конго дахь KCC уурхайн хүдэр олборлолт, хүдрийн агууламж болон боловсруулалтын үр ашиг муудсан зэрэг багтжээ.

Гэсэн хэдий ч компанийн зүгээс 2025 онд нийт 850,000-910,000 тонн зэс олборлохоор төлөвлөж буйгаа хэвээр үлдээсэн байна. Хамгийн дээд түвшин нь ч өмнөх 2024 онд бүртгэгдсэн 952,000 тоннын үзүүлэлтээс доогуур байгаа нь анхаарал татаж байна.

Мөн тайланд тусгаснаар, Конго дахь Mutanda уурхай дээр хүдрийн агууламж болон олборлолтын хэмжээ нэмэгдсэнээр кобальтын олборлолт 44 хувиар өссөн бол никелийн олборлолт 21 хувиар буурчээ. Гэсэн ч эдгээр хоёр металлын хувьд 2025 оны олборлолтын төлөвт өөрчлөлт оруулаагүйг дурдсан байна.

Glencore компанийн худалдаа, маркетингийн үйл ажиллагаанаас хүлээгдэж буй ашиг буюу EBIT 2025 онд 2.2 тэрбум ам.доллараас 3.2 тэрбум ам.долларын хооронд байхаар төсөөлөгдөж буй бөгөөд энэ нь 2024 онд бүртгэгдсэн 3.2 тэрбум ам.долларын түвшнээс доогуур дүн болж байна.

2022 оны эхний улиралд Glencore-ийн зах зээлийн үнэлгээ 90 тэрбум ам.долларт хүрэн оргил үедээ байсан бол өнөөдрийн байдлаар 40 тэрбум ам.доллар болж хоёр дахин буурсан үзүүлэлттэй байна. Уул уурхайн салбарт түүхий эдийн үнийн хэлбэлзэл, үйлдвэрлэлийн үзүүлэлт болон геополитикийн тодорхойгүй байдал нь компанийн үнэлгээнд нөлөөлөх гол хүчин зүйл хэвээр байна.  

mobile-logo