- Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно.
- Энэ үеэр тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.
- Ялалтын баярын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцоно.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Москва хотноо энэ сарын 09-ний өдөр болох Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно гэж Ерөнхийлөгчийн Тамгын Газрын албан ёсны вэб хуудсанд мэдээлжээ.
Энэ үеэр тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд бусад улсын төрийн тэргүүн, өндөр дээд албан тушаалтнуудын хамт оролцож, Александровын цэцэрлэг дэх “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөх ажээ.
Мөн Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөж, БНМАУ-ын баатар болон Хөдөлмөрийн баатар цол хүртсэн ОХУ-ын иргэдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөжээ.
Түүнчлэн Ялалтын баярын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцох юм байна.