- Goldman Sachs 2025 онд Хятадын хэрэглээний үнийн индекс 0% болж буурна гэж таамаглаж байна.
- АНУ-ын зах зээлээс шахагдсан бараа дотоодын зах зээлд хямд үнээр нийлүүлэгдэж, үнийн дайн үүсгэж байна.
- Бээжин бодлогын хариу арга хэмжээ авахаа хойшлуулж, эдийн засгийн илүү ноцтой дохиог хүлээж байна.

АНУ-ын өндөр тарифын нөлөөгөөр гадаад эрэлт буурч буй энэ үед БНХАУ экспортлогчдоо дотоодын зах зээлд борлуулалт хийхийг уриалж байгаа нь хэрэглээ сул, үйлдвэрлэлийн хэт хүчин чадалтай байгаа эдийн засгийг дефляц руу улам гүн түлхэх эрсдэлтэй хэмээн шинжээчид анхааруулж байна. Goldman Sachs-ийн мэдээлснээр 2025 онд Хятадын жижиглэн худалдааны инфляци 0% болж буурах бол бөөний үнэ 1.6%-иар унах төлөвтэй байна. Энэ нь 2024 онд хэрэглээний үнийн өсөлт 0.2%, бөөний үнэ 2.2%-иар буурч байсантай харьцуулахад эдийн засгийн зогсонги байдалд илүү гүнзгий шилжиж байгааг илтгэжээ.
АНУ-ын импортын бараанд 145% хүртэлх тариф оноосон нь худалдааны харилцааг эрс дордуулж, Бээжин хариуд нь 125%-ийн нэмэлт тариф тогтоогоод буй. Үүний улмаас Хятадын экспортлогчид го зах зээлээ алдсан бөгөөд төв болон орон нутгийн засгийн газрууд, тэргүүлэх бизнесийн байгууллагууд дотоодын зах зээлийг хамгаалах арга хэмжээ авч эхэлжээ.
JD.com, Tencent, Douyin зэрэг цахим худалдааны томоохон платформууд АНУ-ын зах зээлд зориулан үйлдвэрлэсэн барааг дотоодын хэрэглэгчдэд хямдралтай үнээр борлуулах кампанит ажил өрнүүлж байгаа юм. Тухайлбал, JD.com экспортлогчдод 200 тэрбум юанийн (28 тэрбум ам.доллар) дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэж, барааныхаа үнэнд 55% хүртэлх хөнгөлөлт санал болгож байна.
Гэвч Barclays банкны Хятадын ахлах эдийн засагч Жөү Инькэгийн хэлснээр энэ нь “Хятадын компаниудын хооронд үнийн дайн үүсгэж”, ашигт ажиллагааг бууруулан ажлын байрыг эрсдэлд оруулж байна. Хөдөлмөрийн зах зээлд итгэл сул, орлогын тогтворгүй байдал зэрэг нь аль хэдийн хэрэглээний эрэлтийг мохоож байгаа юм.
2023, 2024 онд инфляци бараг тэг орчимд хэлбэлзэж байсан бол 2025 оны хоёр болон гуравдугаар сард Хятадын хэрэглээний үнийн индекс сөрөг үзүүлэлттэй гарсан. Үйлдвэрлэлийн үнийн индекс 29 сар дараалан буурч, гуравдугаар сард жилийн дүнгээр 2.5%-иар унасан нь дөрвөн сарын хугацаан дахь хамгийн огцом уналт байв. Morgan Stanley-ийн эдийн засагчдын тооцоогоор энэ үзүүлэлт дөрөвдүгээр сард 2.8%-д хүрч, дефляци болон гүнзгийрэх төлөвтэй байна.
Goldman Sachs-ийн Хятадын ахлах эдийн засагч Шань Хүй үйлдвэрлэлийн хүчин чадал огцом өөрчлөгдөж чадахгүй байгаа тул үнэ улам буурч, илүүдэл нийлүүлэлтийг шингээхийн тулд дотоод болон бусад гадаад худалдан авагчдыг татах шаардлагатай хэмээн тайлбарлав. Түүний таамаглалаар энэ онд Хятадын бодит ДНБ ердөө 4.0%-иар өсөх төлөвтэй байгаа нь 5%-ийн албан ёсны зорилтот түвшнээс доогуур үзүүлэлт юм.
Chanson & Co. банкны захирал Шэнь Мэнгийн хэлснээр АНУ-ын зах зээлд илүү өндөр үнээр борлуулдаг байсан экспортлогчид Хятадын дотоод зах зээлд хямд үнээр бараагаа борлуулах нь зүгээр л борлогдоогүй нөөцөө цэвэрлэж, мөнгөн урсгалын түр зуурын дарамтыг зөөлрүүлэх арга хэмжээ юм. Үүний үр дүнд ашиггүй ажиллах эсвэл хаагдах эрсдэлтэй компаниуд олширохоос гадна ажилгүйдэл нэмэгдэх хандлагатай байна.
Goldman Sachs-ийн тооцоогоор АНУ руу чиглэсэн экспортын үйлдвэрлэлд нийт 16 сая хүн буюу Хятадын нийт ажиллах хүчний 2%-иас илүү нь шууд оролцдог байна. Хятадын цахим худалдааны компаниудын бага үнэтэй илгээмжүүдэд тарифгүй нэвтрэх боломжийг олгодог “de minimis” дүрмийг АНУ өнгөрсөн долоо хоногт цуцалсан нь жижиг, дунд экспортлогчдод давхар цохилт болж байна. Eurasia Group-ийн Хятадын захирал Ван Даний үзэж буйгаар хотын ажилгүйдэл 2025 онд дунджаар 5.7%-д хүрч, 5.5%-ийн зорилтот түвшинг давах аж.
Үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт, АНУ-ын тарифын нөлөөгөөр Хятадын эдийн засаг хоёр том дарамтыг зэрэг хүлээж буйг Nomura банкны Хятадын ахлах эдийн засагч Лу Тин анхааруулав. Эдийн засгийн уналтын илүү тодорхой шинж тэмдгийг хүлээж байгаа Бээжин одоохондоо мөнгөний болон санхүүгийн бодлогын хариу арга хэмжээ авахаа хойшлуулсан хэвээр байна.
Бээжингийн Их сургуулийн профессор Лин Ифу “АНУ-ын сорилт Хятадынхаас илүү том” гэдгийг онцолж Хятадад худалдан авалтыг дэмжих бодлогын орон зай байгааг онцолсон. Тэрбээр АНУ-ын үйлдвэрлэлийг эх орондоо дахин төвлөрүүлэх үйл явцад дор хаяж нэгээс хоёр жил шаардагдах бөгөөд энэ хугацаанд Америкийн хэрэглэгчид өндөр үнээр бараа худалдан авах болно гэж үзэж буйгаа мэдэгдсэн юм.