bnr-0
УИХ-ын тогтоолуудын хэрэгжилт 66.4 хувьтай, 193 заалт огт биелээгүй хэмээн дүгнэв
05 сарын 06, 2025
ХУВААЛЦАХ
  • УИХ-аас гаргасан 1550 заалтын 12.6 хувь буюу 193 нь огт хэрэгжээгүй гэж мэдээлэв.
  • Төрийн албан хаагчийн ёс зүйн хариуцлагын хэрэгжилт харьцангуй өндөр байна.
  • Ёс зүйн дэд хорооны ажлыг илүү үр дүнтэй үнэлэхийг гишүүд шаардав.
Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооноос УИХ-ын хууль, тогтоолоор өгсөн үүрэг, чиглэлийн хэрэгжилтийн талаарх нэгдсэн тайланг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооноос УИХ-ын хууль, тогтоолоор өгсөн үүрэг, чиглэлийн хэрэгжилтийн талаарх нэгдсэн тайланг хэлэлцэж, хэрэгжилтийн өнөөгийн байдлыг олон нийтэд танилцууллаа. Хяналт-шинжилгээ, үнэлгээний цахим санд бүртгэгдсэнээр нийт 272 шийдвэрийн 1550 заалтаас ердөө 36.7 хувь нь бүрэн хэрэгжсэн бол 12.6 хувь нь огт хэрэгжээгүй гэсэн дүгнэлт гарсан байна.

Тодруулбал, 569 заалт бүрэн хэрэгжсэн, 390 заалт хэрэгжих шатандаа, 224 нь хангалтгүй хэрэгжиж байгаа бол 196 нь огт биелээгүй байна. Ийнхүү нийт хэрэгжилт 66.4 хувьтай байгаа нь өмнөх оноос 3.8 хувиар нэмэгдсэн дүн ажээ. Гэсэн хэдий ч УИХ-ын гишүүд хэрэгжилтийн бодит байдал, ялангуяа огт биелээгүй заалтын шалтгааныг нухацтай авч үзэх шаардлагатайг онцолсон юм.

Хууль болон тогтоол тус бүрийн түвшинд авч үзвэл, 481 хуулийн заалтын 14.3 хувь, УИХ-ын 624 тогтоолын 12.8 хувь, байнгын хорооны 445 заалтын 9.9 хувь нь хэрэгжээгүй байна. Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хоёр тогтоолын 14 заалтад дүн шинжилгээ хийхэд, 2023 оны тогтоолын хэрэгжилт 53.8 хувьтай байсан бол 2024 онд энэ үзүүлэлт 68.5 хувьтай болж өсчээ.

Засгийн газарт чиглэл болгосон заалтуудын хэрэгжилт, ялангуяа төрийн албан хаагчийн ёс зүйн асуудалтай холбоотой хэсэг харьцангуй өндөр үзүүлэлттэй байна. Тухайлбал, ёс зүйн зөрчил гаргасан албан тушаалтныг өөрийн хүсэлтээр чөлөөлөх соёлыг төлөвшүүлэх тухай заалтын хэрэгжилт 98 хувь, ёс зүйн шаардлага хангаагүй этгээдийг дэвшүүлэхгүй байх зарчим 98.2 хувийн биелэлттэй гарчээ.

Энэ талаар Ёс зүй, дэгийн байнгын хороо тайлбарлахдаа, төрийн байгууллагуудын зүгээс ёс зүйн асуудлыг илүү анхаарах болсон нь зарим үзүүлэлт сайжрахад нөлөөлсөн ч, заалт тус бүрийн хэрэгжилтийн ялгаа, сул талуудыг нарийвчлан дүгнэх, хариуцлагын механизмыг чангатгах шаардлагатай хэвээр байгааг онцолжээ.

УИХ-ын гишүүд уг тайланг хэлэлцэх үеэр Ёс зүйн дэд хорооны ажил бодитой, хэмжигдэхүйц байдлаар үнэлэгдэх ёстойг тодотгож, цаашид хууль тогтоомжийн хэрэгжилт, ёс зүйн зөрчлийн шийдэлд илүү үр дүнтэй хандлага шаардагдаж буйг сануулсан байна.  

mobile-logo