- Хятад улс дотоодын эдийн засгийн дарамт, АНУ-тай үүссэн худалдааны хурцадмал байдалтай зэрэгцэн К-поп урлагт тавьсан албан бус хоригийг зөөлрүүлж эхэллээ.
- К-поп нь дижитал контентэд суурилдаг, тарифын нөлөө бага мэдэрдэг, худалдааны бодлогын өөрчлөлтөд өртөх нь бага учраас хямралын үед тогтвортой салбар байж чадна.
- Хятад албан бус хоригоо бүрэн цуцалбал тоглолтын орлогын 25-аас дээш хувийг дангаар бүрдүүлэх боломжтой гэж тооцоолж байна.

Хятад улс дотоодын эдийн засгийн дарамт, АНУ-тай үүссэн худалдааны хурцадмал байдалтай зэрэгцэн К-поп урлагт тавьсан албан бус хоригийг зөөлрүүлж эхэллээ. Шинжээчдийн үзэж буйгаар энэ нь тус улсын дотоодын хэрэглээг сэргээх, хөрш орнуудтай харилцаагаа шинэ шатанд гаргах зорилготой өргөн хүрээний стратегийн нэг хэсэг юм.
Тэгвэл БНСУ-ын “Epex” хамтлаг энэ тавдугаар сард Эх газрын Хятадад тоглолт хийхээр болсон нь энэхүү стратегийн хамгийн анхны том алхам болж байна. Энэ нь 2016 оноос хойш Хятадад зохион байгуулагдаж буй анхны Солонгосын айдол хамтлагийн бие даасан тоглолт байх юм. Мөн есдүгээр сард Өмнөд Солонгосын хамгийн том К-поп арга хэмжээ болох “Dream Concert”-ийг Хайнань мужийн 40,000 хүний багтаамжтай цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар товложээ. Энэ бүхнээс харахад Бээжин К-поп уран бүтээлчдэд дахин хаалгаа нээж, албан бус хоригийг үе шаттайгаар цуцалж эхэлсэн нь тодорхой байна.
Эдийн засгийн хувьд Хятадын дотоодын хэрэглээ сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц буурсан. Үүнийг сэргээхийн тулд тус улсын Засгийн газар соёлын арга хэмжээг дэмжих, тэр дундаа гадаадын поп тоглолтыг нэвтрүүлэх бодлого баримталж байна. Ийнхүү соёлын салбараар дамжуулан аялал жуулчлал, үйлчилгээ, худалдааны салбарт шинэ уур амьсгал оруулахыг зорьж буй аж. Нөгөөтэйгүүр, 2016 онд АНУ-ын пуужингийн хамгаалалтын системийн маргаанаас болж муудсан Хятад-Солонгосын харилцааг сэргээхэд К-поп гүүр болох боломжтойг шинжээчид онцолжээ.
“CGS” судалгааны байгууллагын шинжээч О Живүгийн хэлснээр, К-поп нь дижитал контентэд суурилдаг, тарифын нөлөө бага мэдэрдэг, худалдааны бодлогын өөрчлөлтөд өртөх нь бага учраас хямралын үед тогтвортой салбар байж чадах аж. Мөн Хятад улс нь Солонгосын гурав дахь том цомог экспортлогч зах зээл, Азид хоёрдугаарт ордог хөгжмийн зах зээл тул стратегийн хувьд маш чухал гэж үзжээ.
Энэхүү өөрчлөлт нь Солонгосын “Их дөрвөл” буюу HYBE, JYP, SM, YG зэрэг томоохон агентлагуудад ч хөшүүрэг болж байна. 2024 онд эдгээр компанийн хувьцааны ханш буурсан ч 2025 оны эхнээс эрчимтэй өсөж эхэлсэн бөгөөд хэрэв Хятад албан бус хоригоо бүрэн цуцалбал тоглолтын орлогын 25-аас дээш хувийг дангаар бүрдүүлэх боломжтой гэж тооцоолж байна. Энэ нь 2016 оноос өмнөх дээд үзүүлэлтээс давсан тоо болох юм.
Товчхондоо, Хятад улс К-поп урлагт дахин “ногоон гэрэл” асааснаар хоёр улсын соёлын болон эдийн засгийн харилцаанд шинэ боломжууд нээгдэж, бүс нутгийн хамтын ажиллагаанд эерэг дохио болох юм.