bnr-0
Ирээдүйн канцлер Мерц улстөрийн шинэчлэл, хөрөнгө оруулалт амлав; Германы төвч үзэлт намууд эвслийн ЗГ-ын гэрээнд гарын үсэг зурлаа
05 сарын 06, 2025
ХУВААЛЦАХ
  • Христийн ардчилсан холбооны удирдагч Фридрих Мерц Мягмар гарагт Германы канцлероор томилогдохоор байна.
  • SPD намын Ларс Клингбайль шинэ Сангийн сайд бөгөөд дэд канцлероор ажиллана.
  • Шинэчлэл, хөрөнгө оруулалтад чиглэсэн 140 хуудсаас бүрдэх “Германы төлөөх хариуцлага” нэртэй эвслийн гэрээ батлагдлаа.
Ирээдүйн Германы канцлер Фридрих Мерц тус улсын төвч үзэлт намууд эвсэлийн гэрээнд гарын үсэг зурах үеэр шинэчлэл, хөрөнгө оруулалтыг дэмжихээ амлалаа.

Ирээдүйн Германы канцлер Фридрих Мерц тус улсын төвч үзэлт намууд эвсэлийн гэрээнд гарын үсэг зурах үеэр шинэчлэл, хөрөнгө оруулалтыг дэмжихээ амлалаа. CDU-гийн Мерц болон эвслийн шинэ Засгийн газрын сайд нар Мягмар гарагт албан тушаалдаа орох юм.

“Та бүхэн реформ, хөрөнгө оруулалтаар Германыг урагш ахиулах шийдвэрлэг Засгийн газартай болно” хэмээн Мерц эвслийн гэрээ байгуулахаас өмнө хэлснийг CNBC-д өгсөн мэдээлэлд дурджээ.

Мерц нь CDU буюу төв барууны үзэлтэй Христийн ардчилсан холбооны төлөөлөл бөгөөд хоёрдугаар сард болсон сонгуульд CSU буюу Баварийн Христийн нийгмийн холбоотой хамтран хамгийн их санал авчээ. Харин төв зүүний үзэлтэй SPD буюу Социал демократ нам гуравдугаар байрт орсон ч шинэ эвслийн бүрэлдэхүүнд багтахаар болжээ.

Намууд олон долоо хоног хэлэлцээ хийсний эцэст дөрөвдүгээр сарын эхээр гэрээний төслөө танилцуулж, нам дотроо батламж авсны дараа Даваа гарагт “Германы төлөөх хариуцлага” нэртэй 140 гаруй хуудастай гэрээнд ёслол төгөлдөр гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээнд ирээдүйн эвслийн Засгийн газрын зорилго болон төлөвлөгөөг тусгасан бөгөөд хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн татварын хуульд өөрчлөлт оруулах, цагаачлалын бодлого, сайн дурын цэргийн албаны шинэ загварыг нэвтрүүлэх зэрэг олон асуудал багтжээ.

Эвслийн шинэ Засгийн газар бүрдэхээс өмнө CDU-CSU-SPD эвсэл аль хэдийн төсвийн бодлогын томоохон өөрчлөлтийг хэрэгжүүлээд байгаа юм. Үүнд батлан хамгаалах салбарын зардлыг нэмэгдүүлэх боломжтой болохын тулд өрийн зохицуулалтыг өөрчилсөн төдийгүй 567.5 тэрбум ам.долларын дэд бүтэц, уур амьсгалын санг байгуулах шийдвэр оржээ.

Шинээр томилогдох сайд нарыг мөн зарласан бөгөөд шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн бүрджээ. Ларс Клингбайль Сангийн сайд, Катарина Райх Эдийн засгийн сайд, Йоханн Вадепфуль Гадаад хэргийн сайд, Борис Писториус Батлан хамгаалахын сайд зэрэг гол албан тушаалд үргэлжлүүлэн ажиллана. Клингбайль мөн шинэ Засгийн газрын дэд канцлероор ажиллах юм. Клингбайль болон Мерц нар эвслийн ЗГ-ын гол шийдвэр гаргагчид гэж Berenberg банкны тэргүүлэх эдийн засагч Холгер Шмидинг онцолж буй юм. “Шинэ Засгийн газарт Мерц болон SPD-ийн эргэлзээгүй удирдагч, шинэ Сангийн сайд Ларс Клингбайль нар гол байх суурьтай хүмүүс байна. Эдгээр хоёр хүн санал нэгдэж чадвал бодлого хэрэгжих нь тодорхой. Харин Баварийн CSU намын удирдагч Маркус Зөдер заримдаа эсэргүүцэл илэрхийлж магадгүй” гэж Шмидинг тодотгов.

Түүний нэмж хэлснээр “Мерц болон Клингбайль нар хоёул өөрсдийн Засгийн газар 2029 оны эхээр болох дараагийн сонгуульд хэт барууны үзэлтэй AfD-г эрх мэдэлд ойртуулахгүйн тулд амжилттай ажиллах ёстойг ойлгож байгаа” ажээ.

Хэт барууны үзэлтэй  AfD буюу “Германы төлөө Альтернатиф” нам энэ жилийн сонгуульд хоёрдугаар байрт орсон юм. Даваа гарагт одоогийн канцлер Олаф Шольц албан ёсоор ажлаа өгч байна. Харин Мягмар гарагт Германы Бундестаг Мерцийн томилгоог батлах хүлээлттэй байна. Үүний дараа шинэ сайдууд бас тангараг өргөх юм.

2025 оны сонгууль анх төлөвлөснөөс хэдэн сараар наашилсан бөгөөд өмнөх эвсэл төсвийн бодлого, эдийн засгийн стратегийн асуудлаар зөрчилдсөнөөр нуран унасан нь үүний гол шалтгаан болсон юм.  

mobile-logo