bnr-0
УИХ: МАН-ын бүлгийн хуралдаанд гурван чухал хуулийн төслийг хэлэлцлээ
05 сарын 07, 2025
ХУВААЛЦАХ
  • Төрийн худалдан авах ажиллагааны хуулийг шинэчлэн найруулах санал танилцуулав.
  • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслөөр бүлгийн ажлын хэсэг байгуулав.
  • Хөгжлийн банкны тухай хуулийн асуудлыг хойшлуулан хэлэлцэхээр болов.
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн танилцуулга болон Хүүхэд, боловсрол, шим тэжээлийн талаарх мэдээллийг УИХ-ын гишүүдийн саналаар түр хойшлуулахаар шийдвэрлэсэн байна.

Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн даваа гарагийн хуралдаанаар гурван чухал хуулийн төслийн урьдчилсан танилцуулгыг хэлэлцлээ. Эдгээрт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн төсөл багтсан байна.

Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг төрийн худалдан авах ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх зорилгоор “Худалдан авах ажиллагааны тухай хууль” нэртэй шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж буйг хуралдааны үеэр танилцуулсан байна. Энэ төсөл нь нийт долоон үндсэн чиглэлээр эрх зүйн зохицуулалтад өөрчлөлт оруулах зорилготой аж. Хуулийн үзэл баримтлалтай холбогдуулан бүлгийн гишүүд асуулт тавьж, хариулт авсан бөгөөд төсөлд оруулах саналуудаа үргэлжлүүлэн нэгтгэхээр ажиллаж эхэлжээ.

Мөн хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх мэдээллийг өгсөн байна. Тэрбээр хуулийн төслийн хүрээнд хийгдэх шинэчлэлийн агуулга, зорилтыг танилцуулсан бөгөөд үүнтэй холбоотойгоор МАН-ын бүлэг дотроо ажлын хэсэг байгуулж, бүлгийн гишүүдийн саналуудыг нэгтгэн хэлэлцүүлж, санал дүгнэлт гаргахаар тогтжээ.

Харин Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн танилцуулга болон Хүүхэд, боловсрол, шим тэжээлийн талаарх мэдээллийг УИХ-ын гишүүдийн саналаар түр хойшлуулахаар шийдвэрлэсэн байна.

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлаас хамгийн их анхаарал татаж буй нь Үндэсний баялгийн сангийн тухай хууль бөгөөд энэ хуульд оло нийтийн зүгээс дэмжлэг хамгийн өндөр буй юм. Хамгийн сүүлд явуулсан санал асуулгын дүнгээс харахад судалгаанд оролцсон нийт хүмүүсийн 65 хувь нь Үндэсний баялгийн сангийн хуульд хүлээлт өндөр байгаа тухай хариулжээ.   

mobile-logo