- Хүүхэд хамгааллын төсвийг Засгийн газраас жил бүр тогтмол нэмэгдүүлж, 2020 онд 6 тэрбум байсан бол 2024 онд 13.9 тэрбум, 2025 онд 20.8 тэрбум төгрөг болгожээ.
- Хүүхэд хамгааллын тухай хуулийг 2024 онд шинэчилж, хүүхэд хамгааллын тогтолцоо, удирдлага, зохицуулалт, үйлчилгээний төрөл болон санхүүжилт, хяналтын зохицуулалтыг сайжруулж батлаад байна.
- Засгийн газар хүүхэд хөгжлийн үндэсний тогтолцоог боловсронгуй болгох зорилт тавин ажиллаж байна.

Хүүхэд хамгааллын төсвийг жил бүр нэмэгдүүлж 2020 онд 6 тэрбум байсан төсвийг 2024 онд 13.9 тэрбум, 2025 онд 20.8 тэрбум төгрөгт хүргэжээ. “Хүүхэд хамгааллын тухай хуулийг 2024 онд шинэчилж, хүүхэд хамгааллын тогтолцоо, удирдлага, зохицуулалт, үйлчилгээний төрөл болон санхүүжилт, хяналтын зохицуулалтыг сайжруулж батлаад байна гэж” Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.
Ирэх жилүүдэд Засгийн газар хүүхэд хөгжлийн үндэсний тогтолцоог боловсронгуй болгох зорилт тавин ажиллаж байна. Хүүхдийн эрх зөрчигдөж, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдэж буй орчин, нөхцөл дийлэнхдээ гэр бүлээс шалтгаалж буй тул Гэр бүлийн тухай болон Гэр бүлийг дэмжих хуулийн төслүүдийг боловсруулсан байна. Тухайлбал, Гэр бүлийг дэмжих хуульд хүн амын өсөлт, төрөлтийг дэмжих, гэр бүлд үзүүлэх санхүүгийн болон орон сууцны дэмжлэг, аюулгүй орчин, ажил, амьдралын тэнцвэрт байдлыг хангах, гэр бүлд үзүүлэх нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ зэрэг олон асуудлыг тусгах шаардлагатай болжээ.
Засгийн газрын 2024 оны 139-р тогтоолоор Хүүхдийн төлөө сангийн журмыг шинэчлэн баталж, сангийн хуримтлалын зарцуулалтыг илүү тодорхой болгоод байна. Өнөөдрийн байдлаар тус санд 25 тэрбум төгрөгийн орлого хуримтлагдсан бөгөөд 781.4 сая төгрөгийг амжилт гаргасан 217 хүүхдийг шагнаж урамшуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэхэд зарцуулсан байна.