- Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангаж, үнэн зөв таниулж ойлгуулах ажлын хүрээнд шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр Засгийн газраас тогтоол гаргалаа.
- Зөөвч-Овоо, Дулаан-Уулын ураны ордыг олборлох, боловсруулахтай холбоотой хүн, мал, амьтан, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх цацрагийн нөлөөллийн талаарх мэдээллийг бэлтгэн олон нийтэд хүргэхийг тогтоолоор үүрэг болголоо.
- Цацраг идэвхт ашигт малтмалын цөмийн болон цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулах асуудлыг судалж танилцуулна.

Монгол Улсын Үндсэн хуульд “Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэж заасны дагуу ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа, түүний үр дагавар, нөлөөллийн талаар бодит мэдээллийг иргэд, олон нийтэд ураны төслийн үр нөлөө, ач холбогдлыг үнэн зөвөөр таниулж ойлгуулах ажлын хүрээнд шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр Засгийн газраас тогтоол гаргалаа.
Тус тогтоолоор, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт өнөөг хүртэл хийгдсэн ураны геологи, хайгуулын ажлын үр дүн болон уран олборлолтын техник, технологийн орчин үеийн шийдэл, аюулгүй ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх арга хэмжээ авна. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Зөөвч-Овоо, Дулаан-Уулын ураны ордыг олборлох, боловсруулахтай холбоотой хүн, мал, амьтан, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх цацрагийн нөлөөллийн талаар олон улсын болон үндэсний мэргэжлийн судалгааны байгууллага, эрдэмтэн, судлаачдын хийсэн судалгааны ажлын үр дүнд тулгуурлан холбогдох мэдээллийг бэлтгэн олон нийтэд хүргэхийг тогтоолоор үүрэг болгов.
Мөн цацраг идэвхт ашигт малтмалын цөмийн болон цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулах асуудлыг судалж танилцуулна.