bnr-0
Женсен Хуанг: Хятадын хиймэл оюуны зах зээлээс хасагдах нь “асар том алдагдал” болно
05 сарын 07, 2025
ХУВААЛЦАХ
  • Хятадын хиймэл оюуны зах зээл ойрын хоёр гурван жилд 50 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй.
  • Хятадад чип нийлүүлэхийг зөвшөөрвөл орлого нэмэгдэж, татварын орлого өсөж, ажлын байр шинээр бий болно хэмээн Женсен Хуанг онцолсон байна.
  • 2023 онд “Nvidia”-ийн хувьцаа гурав дахин өссөн ч энэ онд 15 хувиар буурчээ.
Гэсэн хэдий ч Хуанг “Nvidia” компанийн зүгээс АНУ-ын Засгийн газрын бодлогыг хүндэтгэн дагаж мөрдөх бөгөөд улс орныхоо эрх ашгийг нэн тэргүүнд тавина гэдгээ илэрхийлсэн байна.

“Nvidia” компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг Хятадын хиймэл оюуны зах зээл ойрын хоёр гурван жилд 50 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгааг онцолж, тус зах зээлд оролцох боломжгүй байх нь АНУ-д асар их хохиролтой талаар мэдэгдлээ. Хэрэв АНУ экспортын хоригоо зөөлрүүлж, Хятадад чип нийлүүлэхийг зөвшөөрвөл орлого нэмэгдэж, татварын орлого өсөж, ажлын байр шинээр бий болно хэмээн тэрбээр онцолсон байна.

Гэсэн хэдий ч Хуанг “Nvidia” компанийн зүгээс АНУ-ын Засгийн газрын бодлогыг хүндэтгэн дагаж мөрдөх бөгөөд улс орныхоо эрх ашгийг нэн тэргүүнд тавина гэдгээ илэрхийлсэн байна.

Өнгөрсөн сард АНУ-ын засаг захиргаа “Nvidia”-ийн H20 загварын чипийг тусгай зөвшөөрөлгүйгээр Хятад руу экспортлохыг хориглосон нь тус компанид 5.5 тэрбум ам.долларын хохирол учруулах төлөвтэй байгаа юм. Уг чип нь АНУ-ын өмнөх экспортын хоригт нийцүүлэн бүтээсэн технологи бөгөөд дэлхийн бусад зах зээлд өргөн хэрэглэгддэг Hopper чипийн хувилбар юм.

Хуанг өнгөрсөн дөрөвдүгээр сард Вашингтонд болсон технологийн бага хурал дээр Хятад улс хиймэл оюуны салбарт АНУ-аас хоцроогүй бөгөөд “Huawei” бол дэлхийн хамгийн хүчирхэг технологийн компаниудын нэг хэмээн онцолж байв.

2023 онд “Nvidia”-ийн хувьцаа гурав дахин өссөн ч энэ онд 15 хувиар буураад байна. Хэдий тийм боловч тус компани зах зээлийн бусад томоохон тоглогчоос илүү хурдацтай өсөлт үзүүлсээр байгаа ч өмнөх оны 260 хувийн өсөлттэй харьцуулахад өсөлтийн хурд удааширч байгааг шинжээчид онцолж байна. “Nvidia” тавдугаар сарын 28-нд орлогоо тайлагнах бөгөөд шинжээчдийн таамгаар орлого нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 65 хувиар өсөж, 43.1 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна.   

mobile-logo