bnr-0
Хятадад хиймэл оюуныг ерөнхий боловсролын сургуулиудад зааж эхэлнэ
04 сарын 14, 2025
ХУВААЛЦАХ
  • Хятад улсын сурагчдад 6 настайгаас эхлэн чатбот болон бусад хэрэгсэл ашиглах арга, хиймэл оюун ухааны технологийн суурь ойлголт, ёс зүйн талаарх мэдлэгийг олгох аж. 
  • Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хятадын Боловсролын Яам 184 сургуулийг сонгон авч, хиймэл оюун ухааны хөтөлбөрийн туршилтын шатанд хамруулахаар зарласан.
  • Канад болон Өмнөд Солонгос улс хиймэл оюун ухааны дэвшилтэт технологийг бага, дунд ангийн боловсролын хөтөлбөртөө нэгтгэсэн.
Хятадын ерөнхий боловсролын сургуулиуд 2025 оны намрын улирлаас эхлэн хиймэл оюун ухааны хичээлийг заахаар болжээ.

Хятадын ерөнхий боловсролын сургуулиуд 2025 оны намрын улирлаас эхлэн хиймэл оюун ухааны хичээлийг заахаар болжээ. Энэ оны сургалтын хөтөлбөрт сурагчид жил бүр хамгийн багадаа найман цагийг хиймэл оюун ухааны хичээлд зарцуулахаар тусгажээ. Тус улсын сурагчдад 6 настайгаас эхлэн чатбот болон бусад хэрэгсэл ашиглах арга, хиймэл оюун ухааны технологийн суурь ойлголт, ёс зүйн талаарх мэдлэгийг олгох аж. 

Саяхан гаргасан мэдэгдэлдээ Бээжингийн Хотын Боловсролын Хороо нь эдгээр хичээлийг мэдээллийн технологи, шинжлэх ухаан зэрэг одоо байгаа сургалтын хөтөлбөрүүдтэй нэгтгэж мөн бие даасан хичээл байдлаар заах боломжтойг онцолсон байна. 

Түүнчлэн тус улс хиймэл оюун ухааны хичээлийн хөтөлбөрийг урт хугацаанд боловсруулж, ерөнхий боловсролын хүрээнд хиймэл оюун ухааны боловсрол, сургалтын системийг байгуулах, дэмжих систем бий болгох, энэхүү судалгааг өргөн хүрээтэй сурталчлах зорилт тавьжээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хятадын Боловсролын Яам 184 сургуулийг сонгон авч, хиймэл оюун ухааны хөтөлбөрийн туршилтын шатанд хамруулахаар зарласан. Боловсролын яамны сайд Хуай Жинпэн хиймэл оюун ухааныг улс орны боловсролын системийн “алтан түлхүүр” гэж нэрлэсэн байна.  

Хиймэл оюун ухааны боловсролыг хүүхдүүдэд олгохоор зорьж буй улс Хятад ганцаараа биш юм. Эстони улсын Засгийн газар өнгөрсөн сард OpenAI компанитай хамтран ажиллах болсон тухайгаа зарлаж, тус улсын ахлах ангийн сурагчид болон багш нарт зориулсан ChatGPT Edu-г нэвтрүүлэхээр болсон.

Канад болон Өмнөд Солонгос улс хиймэл оюун ухааны дэвшилтэт технологийг бага, дунд ангийн боловсролын хөтөлбөртөө нэгтгэсэн. Үүнд хиймэл оюун ухаанд суурилсан дижитал сурах бичиг болон багш нарт зориулсан хөтөлбөрүүд багтаж байгаа юм.  

mobile-logo