- АНУ-ын Нью-Йорк муж энэ намраас эхлэн улсын болон хувийн бүх ерөнхий боловсролын сургуулиудад сурагчдын ухаалаг гар утасны хэрэглээг хориглолоо.
- Ийнхүү Нью-Йорк муж ухаалаг гар утасны хэрэглээг хязгаарласан АНУ-ын хамгийн том муж болоод буй.
- Сургуулиуд гар утсыг өдрийн турш хаана хэрхэн хадгалах, сурагчдыг шаардлагатай үед эцэг эхтэй нь хэрхэн холбох зохицуулалтыг өөрсдөө боловсруулах аж.

АНУ-ын Нью-Йорк муж энэ намраас эхлэн улсын болон хувийн бүх ерөнхий боловсролын сургуулиудад сурагчдын ухаалаг гар утасны хэрэглээг хориглолоо. Ийнхүү Нью-Йорк муж ухаалаг гар утасны хэрэглээг хязгаарласан АНУ-ын хамгийн том муж болоод буй.
Тус журмын дагуу сурагчид хичээл, өдрийн хоол, чөлөөт цаг гэх мэт бүх өдрийн туршид хувийн гар утас болон интернэтэд холбогддог бусад төхөөрөмжүүдээ хэрэглэж болохгүй юм.
Интернэт холболтгүй гар утас, сургуулиас олгосон төхөөрөмжүүд энэ хоригт хамаарахгүй. Сургуулиуд гар утсыг өдрийн турш хаана хэрхэн хадгалах, сурагчдыг шаардлагатай үед эцэг эхтэй нь хэрхэн холбох зохицуулалтыг өөрсдөө боловсруулах аж. Энэ бодлогыг боловсруулахад багш, эцэг эх, сурагчдын санал бодлыг заавал тусгах бөгөөд хэрэгжилтийн зардалд зориулж нийт 13.5 сая ам.долларын санхүүжилт олгохоор төлөвлөж байна хэмээн Нью-Йорк мужийн амбан захирагч Кэти Хочул мэдэгдлээ.
“Нью-Йорк нь донтуулагч сошиал медиа платформуудтай тэмцсэн анхны муж байсан — одоо бид хичээлийн туршид гар утас ашиглалтыг хязгаарласан хамгийн том муж боллоо. Манай хүүхдүүд амжилтад хүрэхэд хичээлээ хийж, хөгжиж байх ёстой болохоос биш тасралтгүй гар утас ухаж, эргүүлж байх ёсгүй. Ийм учраас Нью-Йорк хүүхдүүдээ дижитал эринд хамгаалах чиглэлээр улсдаа тэргүүлсээр байна” хэмээн тэрбээр онцоллоо.
2024 оны зургаадугаар сард Кэти Хочул хүүхдүүдийг сошиал медиа донтолтоос хамгаалах зорилгоор Хүүхдүүдийн аюулгүй байдлын тухай хуульд гарын үсэг зурсан. Энэ хууль сошиал медиа компаниудад 18 наснаас доош хэрэглэгчдэд зориулсан донтолт үүсгэгч мэдээллийн урсгалыг хязгаарлахыг шаарддаг байна. Мөн тэрбээр Нью-Йоркийн хүүхдийн хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд гарын үсэг зурж, 18-аас доош насны хүүхдүүдийн хувийн мэдээллийг онлайн сайтууд болон холбогдсон төхөөрөмжүүд цуглуулах, ашиглах, түгээх, худалдахыг хориглосон юм.