bnr-0
АНУ-тай худалдааны хэлэлцээр байгуулах анхны улс Их Британи болох төлөвтэй байна
05 сарын 08, 2025
ХУВААЛЦАХ
  • Их Британи АНУ-тай худалдааны хэлэлцээр байгуулах анхны улс болох төлөвтэй байгаа талаар эх сурвалж CNBC-д мэдээллээ.
  • Дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ худалдааны түнш орнууддаа тарифын хатуу арга хэмжээ авч байгаагаа өнгөрсөн дөрөвдүгээр сард зарласан билээ.
  • "Бид аливаа улс оронтой хэлэлцээр байгуулах шаардлагагүй, харин бидэнтэй хэлэлцээ хийх хэрэгцээ ‘тэдэнд’ бий. АНУ-ын зах зээлээс хувь хүртэхийг тэд хүсэж байгаа болохоос бид биш” хэмээн Дональд Трамп онцолж байна.
АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс АНУ Их Британитай худалдааны хэлэлцээ хийх өндөр магадлал бий талаар дөрөвдүгээр сарын 14-ний өдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байв.

Их Британи АНУ-тай худалдааны хэлэлцээр байгуулах анхны улс болох төлөвтэй байгаа талаар эх сурвалж CNBC-д мэдээллээ. Дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ худалдааны түнш орнууддаа тарифын хатуу арга хэмжээ авч байгаагаа өнгөрсөн дөрөвдүгээр сард зарласан билээ. Түүнээс хойш Их Британи, Япон, БНСУ тэргүүтэй 20 орчим улс орны төлөөлөгч АНУ-тай худалдааны хэлэлцээ хийж эхлээд буй.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мөн өөрийн Truth Social платформдоо пүрэв гарагийн 10:00 цагт Зууван танхимд мэдээлэл хийх тухайгаа зарласан бөгөөд “Томоохон, хүлээн зөвшөөрөгдсөн улсын төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээний тухай” гэдгээ тодотгожээ.

Цагаан ордон болон Вашингтон дахь Их Британийн Элчин сайдын яам энэ талаар мэдээлэл өгөөгүй байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, талууд хэлэлцээгээ эцэслэсэн, эсвэл хэлэлцээний цар хүрээ, суурь зарчмаа тодорхойлж, хэлэлцээг цааш үргэлжлүүлэх болсон эсэх нь тодорхойгүй байна.

АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс АНУ Их Британитай худалдааны хэлэлцээ хийх өндөр магадлал бий талаар дөрөвдүгээр сарын 14-ний өдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байв. Цагаан ордны өндөр албан тушаалтнууд худалдааны амжилттай хэлэлцээр байгуулах нь АНУ-ын засаг захиргааны туйлын чухал зорилт гэдгийг тодотгож байсан ч Дональд Трамп худалдааны түнш орнуудтайгаа “хэлэлцээр байгуулах” шаардлагагүй хэмээн өнгөрсөн мягмар гарагт мэдэгдсэн билээ. “Бид аливаа улс оронтой хэлэлцээр байгуулах шаардлагагүй, харин бидэнтэй хэлэлцээ хийх хэрэгцээ тэдэнд бий. АНУ-ын зах зээлээс хувь хүртэхийг тэд хүсэж байгаа болохоос бид биш” хэмээн тэрбээр онцолсон юм.

mobile-logo