- Кардинал Роберт Франсис Превост Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, Ромын Католик сүмийн шинэ тэргүүнээр сонгогдлоо.
- 69 настай Превост өөртөө Лео XIV хэмээх шашны нэрийг хүлээн авчээ.
- Лео бол Католик шашны 1 тэрбум гаруй дагагчдын удирдагч, 267 дахь Ромын Пап юм.

Кардинал Роберт Франсис Превост Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, Ромын Католик сүмийн шинэ тэргүүнээр сонгогдлоо. Энэ нь Католик сүмийн тэргүүнээр Америк хүн сонгогдож буй анх тохиолдол юм.
69 настай Превост өөртөө Лео XIV хэмээх шашны нэрийг хүлээн авчээ.
Чикаго хотод төрж өссөн тэрбээр өөрийн шашны замналын ихэнх хугацааг Перуд өнгөрүүлсэн, тус улсын давхар иргэншилтэй юм. Энэ нь АНУ болон Перугийн иргэдийг давхар баярлуулсан үйл явдал боллоо. Ватиканы кардиналуудын конклавын хоёр дахь өдөр, дөрөв дэх санал хураалтаар түүнийг сонгожээ.
Августинчуудын ордны гишүүн болох Пап Лео XIV Ариун Петрийн сүмийн тагтан дээр гарч ирэн доорх өргөн талбайд цугласан олон мянган хүнд итали болон испани хэлээр хандан үг хэлсэн байна.
Лео бол Католик шашны 1 тэрбум гаруй дагагчдын удирдагч, 267 дахь Ромын Пап юм. Папыг Есүс Христийн 12 элчийн нэг гэгээн Петрийн залгамжлагч гэж үздэг. Превост нь Филадельфи дахь Виланова Их Сургууль, Чикагогийн Католик Теологийн Холбоо, Ром дахь Гэгээн Фомын Папын Их Сургуулийг төгсжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагийн орой “Truth Social” сүлжээнд “Тэрбээр анхны Америк пап болсон нь үнэхээрийн нэр төрийн хэрэг юм” хэмээн баяр хүргэж бичжээ