- БНХАУ-ын хямд барааны онлайн дэлгүүр “Temu” АНУ дахь зар сурталчилгаагаа огцом танаж, хэрэглэгчдийн таталт эрс буурчээ.
- “Temu” “Shein” зэрэг Хятадын цахим худалдааны компаниуд энэ сарын 25-наас эхлэн бүтээгдэхүүний үнээ нэмэгдүүлэхээ мэдэгдсэн.
- “DHgate”, “Taobao” зэрэг өрсөлдөгч Хятадын онлайн дэлгүүрүүдийн аппликейшн АНУ-ын хэрэглэгчдийн дунд огцом хандалт авч байна.

БНХАУ-ын хямд барааны онлайн дэлгүүр “Temu” АНУ дахь зар сурталчилгаагаа огцом танаж, хэрэглэгчдийн таталт эрс буурчээ. Энэ нь Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадаас импортлох бараанд 145 хувийн тариф ногдуулах шийдвэр гаргасантай холбоотой. Үүний дараа “Temu” АНУ-ын App Store-ийн үнэгүй аппликейшнүүдийн жагсаалтад 69 дүгээр байр руу ухарч, таталтын хэмжээ 62 хувиар буурсан байна. Өмнө нь “Temu” АНУ-д хамгийн их татагддаг үнэгүй аппликейшнүүдийн нэг байсан юм.
“Temu” “Shein” зэрэг Хятадын цахим худалдааны компаниуд энэ сарын 25-наас эхлэн бүтээгдэхүүний үнээ нэмэгдүүлэхээ мэдэгдсэн. Учир нь 800 ам.доллараас доош үнийн барааг татвараас чөлөөлдөг дүрэм цуцлагдаж, одоо АНУ руу импортлох бүх бараа өндөр тарифт хамрагдах болсны улмаас зардал эрс өсөөд байгаа аж.
Түүнчлэн “Temu”-ийн вэбсайтын төлбөртэй зар сурталчилгааны урсгал дөрөвдүгээр сарын 11-нээс хойш 77 хувиар буурсан бол “Google”-ийн зар сурталчилгаанд эзлэх хувь нь долоо хоногийн дотор 20 хувиас тэг болжээ. “Meta”-ийн платформууд дээр ч тус компанийн сурталчилгаа огцом буурч, энэ нь “Meta”-ийн зар сурталчилгааны орлогод ч сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байна.
“Temu” одоогоор Европ, Их Британи зэрэг бүс нутагт илүү төвлөрөх төлөвтэй байгаа бол АНУ-д шинэ хэрэглэгч олж авах урсгал түр хугацаанд зогсоод байна. Харин “DHgate”, “Taobao” зэрэг өрсөлдөгч Хятадын онлайн дэлгүүрүүдийн аппликейшн АНУ-ын хэрэглэгчдийн дунд огцом хандалт авч, App Store-ийн жагсаалтад дээгүүр байр эзэлж эхэлжээ. Шинжээчдийн үзэж буйгаар “Temu” ойрын хугацаанд зар сурталчилгаагаа сэргээж магадгүй ч шинэ хэрэглэгч татах хурдаа түр хугацаанд сааруулаад байна.