bnr-0
Ази, Номхон далайн хөрөнгийн зах зээл хэлбэлзэлтэй нээгдлээ
04 сарын 30, 2025
ХУВААЛЦАХ
  • Японы Nikkei 225 индекс 0.14 хувиар, Topix индекс 0.5 хувиар өссөн бол Өмнөд Солонгосын Kospi болон Kosdaq индексүүд бага зэрэг унажээ.
  • Австралийн S&P/ASX 200 индекс бараг өөрчлөлтгүй, тогтвортой түвшинд хадгалагдлаа.
  • Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компанийн эхний улирлын ашиг, орлого шинжээчдийн таамгийг давж, орлого нь өнгөрсөн оны мөн үеэс 10 хувиар, ашиг нь 1.5 хувиар өссөн байна.
Японы Төв банк мөнгөний бодлогын хурлаа эхлүүлсэн бөгөөд энэ удаагийн хуралдаанаар бодлогын хүүг 0.5 хувьд хадгалах төлөвтэй байна.

Лхагва гарагт Ази, Номхон далайн бүсийн хөрөнгийн зах зээл холимог хөдөлгөөнтэй нээгдлээ. Японы Nikkei 225 индекс 0.14 хувиар, Topix индекс 0.5 хувиар өссөн бол Өмнөд Солонгосын Kospi болон Kosdaq индексүүд бага зэрэг унажээ. Харин Австралийн S&P/ASX 200 индекс бараг өөрчлөлтгүй, тогтвортой түвшинд хадгалагдлаа.

Японы Төв банк мөнгөний бодлогын хурлаа эхлүүлсэн бөгөөд энэ удаагийн хуралдаанаар бодлогын хүүг 0.5 хувьд хадгалах төлөвтэй байна. Үүний зэрэгцээ бүс нутгийн гол эдийн засгийн үзүүлэлтүүд анхаарал татаж байна. Австралийн инфляц энэ оны эхний улиралд өнгөрсөн оныхоос 2.4 хувиар өсөж, шинжээчдийн таамагласан 2.3 хувиас өндөр гарсан бол Хятадын үйлдвэрлэлийн индекс хүлээлтээс илүүтэйгээр буурч, агшилтын бүсэд шилжжээ.

Олон улсын худалдааны тал дээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэгтэй хийж буй тарифын хэлэлцээ “маш сайн урагшилж” байгааг мэдэгдсэн бол Сангийн сайд Скотт Бессент Япон болон Өмнөд Солонгостой “чамгүй ахицтай” яриа хэлэлцээ өрнөж буйг дурджээ.

АНУ-ын хөрөнгийн зах зээл мягмар гарагт эерэг уур амьсгалтай байж, Dow Jones индекс 300 нэгжээр буюу 0.75 хувиар өсөж, 40,527.62 нэгжид хүрсэн нь энэ оны хамгийн урт буюу зургаа дахь өдрийн өсөлт болжээ. S&P 500 болон Nasdaq индексүүд мөн тус тус 0.58 хувь болон 0.55 хувийн өсөлттэйгээр хаагдлаа.

Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компанийн эхний улирлын ашиг, орлого шинжээчдийн таамгийг давж, орлого нь өнгөрсөн оны мөн үеэс 10 хувиар, ашиг нь 1.5 хувиар өссөн байна. Үүний гол шалтгаан нь санах ойн чипийн борлуулалт нэмэгдсэнтэй холбоотой аж. Гэсэн ч АНУ-ын Ерөнхийлөгч Трампын өндөр тариф хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэж байна.

Харин Японы үйлдвэрлэлийн салбар гуравдугаар сард таамагласнаас илүүтэйгээр уналттай гарч, үйлдвэрлэлийн нийт гарц өмнөх сараас 1.1 хувиар буурсан байна. Энэ нь автомашин, цахилгаан болон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл буурсантай холбоотой гэж мэдээлжээ.  

mobile-logo