- АНУ-ын Тэргүүн хатагтай асан охидынхаа маргаанд оролцохоос татгалзаж, хариуцлагыг өөрсдөд нь үлдээдэг байжээ.
- Зөрчилдөөнд оролцсон тохиолдолд хатуу дүрэм үйлчилж, тоглохыг нь зогсоож, компьютерийг нь унтраадаг байсан.
- Судлаачид бага наснаас нь зөрчил зохицуулах чадварыг эзэмшүүлэх нь ирээдүйн амжилтад чухал нөлөөтэй гэж үздэг байна.

АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама өөрийн охид болох Малия, Саша нарт бага наснаас нь өөрсдийн асуудлаа шийдвэрлэх чадвар эзэмшүүлэхийн төлөө зориуд төвийг сахисан арга барилаар ханддаг байсан тухайгаа хуваалцжээ. Энэ талаар тэрбээр Крэйг Робинсонтой хамт хөтөлдөг “IMO” подкастын үеэр ярьсан байна.
Энэ жил 61 настай хатагтай Обама “Би хүүхдүүдийнхээ хооронд маргаанд оролцдоггүй. Хэн нь буруутайг мэдэхгүй бол намайг оролцуулахаа боль гэж хэлдэг байсан” гэж онцолсон юм. Харин зайлшгүй оролцох шаардлага гарсан тохиолдолд охидууд нь хоёулаа шийтгэл хүлээдэг дүрэмтэй байжээ. “Тоглохыг нь зогсооно, хаалга хаагдана, компьютер унтарна, ингээд дуусна” гэж нэмж тайлбарлав.
Ийнхүү хатуу боловч шударга хандлага нь охидыг аажмаар эв зүйгээ өөрсдөө олох чадвартай болгоход хүргэсэн байна. Тэд ээжийгээ уурлуулахгүйн тулд маргаанаа эвээр зохицуулах арга зам хайж сурсан бөгөөд “тоглоомоо үргэлжлүүлэхийн тулд” хамтран ажиллах сэтгэлгээг багаас нь төлөвшүүлжээ.
Энэхүү арга барил зөвхөн Обамагийн гэр бүлд бус, өргөн хүрээнд чухал ач холбогдолтой болохыг шинжээчид онцолдог. Harvard Business Review сэтгүүлийн мэдээлснээр зөрчил зохицуулах чадвар өндөртэй хүмүүс, тэр дундаа менежерүүд болон удирдах албан тушаалтнууд ажлын байранд илүү амжилт гаргадаг. Харин Child Mind Institute-ийн тайлбарласнаар багаасаа ийм чадвартай болсон хүүхдүүд сэтгэл хөдлөлөө илүү сайн зохицуулж, бусадтай эрүүл харилцаа тогтоох боломжтой өсдөг аж.
Эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмжийг сэтгэл судлаач Каролина Флек 2024 оны дөрөвдүгээр сарын 23-ны CNBC Make It буланд нийтэлсэн юм. Тэрбээр хүүхдэд зөрчил зохицуулах чадвар суулгахын тулд дараах таван алхмыг хэрэгжүүлэхийг зөвлөжээ. Үүнд, эхлээд тайвнаар ярилцаж, мэдрэмжийг нь хүлээн зөвшөөрөх; хүүхэд өөрийгөө илэрхийлэхэд нь орон зай өгөх; анхааралтай сонсох; алдаа гаргасан бол уучлалт гуйх; эцэст нь өөрийн байр суурийг тайван байдлаар танилцуулах.
Мөн Мишель Обама гэртээ харилцааны соёл, үлгэр жишээ үзүүлэх нь хамгийн чухал болохыг онцолсон байна. “Хэрвээ та гэртээ байнга хэрэлддэг бол хүүхдүүд яг л тэр хандлагыг дуурайна. Хүүхдүүд зүгээр нэг хэрэлдээд байдаггүй. Асуудал нь эцэг эх ямар уур амьсгал бий болгож байна вэ гэдэгт оршдог” хэмээн тэрбээр дүгнэсэн юм.