bnr-0
АНУ, БНХАУ хоёр улсын худалдааны дайныг 90 хоногийн хугацаанд түр зогсоох тохиролцоонд хүрлээ
05 сарын 12, 2025
ХУВААЛЦАХ
  • АНУ болон БНХАУ дэлхийн хамгийн том хоёр эдийн засаг хоорондын худалдааны зөрчлийг намжаах чиглэлд томоохон алхам хийж, харилцан импортын бараа бүтээгдэхүүнд тавьсан ихэнх тарифыг түр зогсоохоор тохиролцлоо.
  • Хоёр улсын албаны төлөөлөгчид сүүлийн өдрүүдэд Швейцарт уулзаж, худалдааны маргааныг намжаах зорилготой хэлэлцээ хийсэн нь ийнхүү эцэслэгдэж, эерэг үр дүнд хүрчээ.
  • Нийт тарифаар авч үзвэл Хятадын бараанд ногдох АНУ-ын тариф 30 хувьтай үргэлжлэх аж.
Энэхүү тохиролцооны дагуу хоёр талын харилцан тарифыг 125 хувиас 10 хувь хүртэл огцом бууруулсан байна. 

АНУ болон БНХАУ дэлхийн хамгийн том хоёр эдийн засаг хоорондын худалдааны зөрчлийг намжаах чиглэлд томоохон алхам хийж, харилцан импортын бараа бүтээгдэхүүнд тавьсан ихэнх тарифыг түр зогсоохоор тохиролцлоо. Энэхүү тохиролцооны дагуу хоёр талын харилцан тарифыг 125 хувиас 10 хувь хүртэл огцом бууруулсан байна. 

АНУ Хятадтай худалдааны хэлэлцээр байгуулснаа өчигдөр зарласан юм. Хоёр улсын албаны төлөөлөгчид сүүлийн өдрүүдэд Швейцарт уулзаж, худалдааны маргааныг намжаах зорилготой хэлэлцээ хийсэн нь ийнхүү эцэслэгдэж, эерэг үр дүнд хүрчээ.

БНХАУ-ын Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн тус уулзалтыг “ихээхэн ахиц дэвшилтэй байж, чухал тохиролцоонд хүрсэн” хэмээсэн.

Уг тохиролцооны дагуу нөхцөл байдал харьцангуй зөөлөрч буй ч АНУ-ын Хятадын фентанилтай холбоотой бүтээгдэхүүнд тавьсан 20 хувийн тариф хүчин төгөлдөр хэвээр үлдэх тул нийт тарифаар авч үзвэл Хятадын бараанд ногдох АНУ-ын тариф 30 хувьтай үргэлжлэх аж.

“Бид маш үр бүтээлтэй яриа хэлэлцээ хийсэн. Энэхүү уулзалтын уур амьсгал эерэг, тэнцвэртэй байсныг онцлох хэрэгтэй. Бид 90 хоногийн завсарлага авч, тарифын хэмжээг эрс бууруулах тохиролцоонд хүрсэн. Харилцан ногдуулсан тарифын түвшинг хоёр тал хоёулаа 115 хувиар бууруулахаар тохирсон” хэмээн АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент мэдэгдэв.  

mobile-logo