- АНУ болон БНХАУ хооронд тавигдсан ихэнх тарифыг түр зогсоох тохиролцоонд хүрснээр дэлхийн технологийн компаниудын, ялангуяа чип үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш огцом өсөв.
- АНУ-д Nvidia компанийн хувьцаа урьдчилсан арилжаанд 4%-иар өссөн бол AMD 5%-иар, Broadcom болон Qualcomm мөн тус тус 5%-иар нэмэгдэв.
- АНУ-д бүртгэлтэй Хятадын технологийн хувьцаа ч өсөлт үзүүлсэн бөгөөд Alibaba, JD.com, Baidu зэрэг томоохон компаниудын ханш нэмэгджээ.

АНУ болон БНХАУ хооронд тавигдсан ихэнх тарифыг түр зогсоох тохиролцоонд хүрснээр дэлхийн технологийн компаниудын, ялангуяа чип үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш огцом өсөв.
Худалдааны зөрчил хурцдаж, нийлүүлэлтийн сүлжээ тасалдах эрсдэл үүссэн нь хагас дамжуулагч болон ухаалаг утас үйлдвэрлэгч зэрэг томоохон технологийн компаниудад хүчтэй дарамт үзүүлж байсан ч хоёр улсын өнгөрсөн амралтын өдрүүдэд хийсэн хэлэлцээ нааштай үр дүн өгч, хөрөнгө оруулагчдыг тайвшрууллаа.
АНУ-д Nvidia компанийн хувьцаа урьдчилсан арилжаанд 4%-иар өссөн бол AMD 5%-иар, Broadcom болон Qualcomm мөн тус тус 5%-иар нэмэгдэв.
Харин дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгч Тайванийн Semiconductor Manufacturing Company (TSMC)-ийн АНУ-д бүртгэлтэй хувьцаа мөн 4%-иар өссөн байна.
Европт, хэт нарийн чип үйлдвэрлэхэд шаардлагатай машин нийлүүлэгч ASML компанийн хувьцаа өглөөний арилжаанд 4.5%-иар өссөн бол Германы Infineon компанийн хувьцаа ч мөн хүчтэй өсөлттэй байлаа.
Apple компани одоог хүртэл iPhone гар утасныхаа 90%-ийг Хятадад үйлдвэрлэдэг бөгөөд тайландаа энэ улиралд тарифын нөлөө нийт 900 сая ам.долларын зардал нэмэхээр байгааг мэдэгдсэн. Гэвч хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн нь тус компанийн хувьцаа 6%-иар өсөхөд хүргэв.
АНУ-д бүртгэлтэй Хятадын технологийн хувьцаа ч өсөлт үзүүлсэн бөгөөд Alibaba, JD.com, Baidu зэрэг томоохон компаниудын ханш нэмэгджээ.