- Samsung Galaxy S25 Edge нь ердөө 5.8 мм зузаантай, 163 грамм жинтэй бөгөөд зах зээл дээрх хамгийн нимгэн ухаалаг утаснуудын нэг болж байна.
- Samsung компанийн мэдээлснээр Galaxy S25 Edge-ийн үнэ 1,099 ам.доллараас эхэлж, тавдугаар сарын 30-наас худалдаанд гарах аж.
- Өнгөрсөн сард Samsung компани 2025 оны эхний улиралд S25 цувралын борлуулалт амжилттай явагдсанаар гар утасны салбартаа орлого, ашиг өссөн тухай мэдээлсэн.

Samsung компани Galaxy S25 ухаалаг гар утасны цувралын шинэ, нимгэн хувилбарыг танилцууллаа. Samsung Galaxy S25 Edge нь ердөө 5.8 мм зузаантай, 163 грамм жинтэй бөгөөд зах зээл дээрх хамгийн нимгэн ухаалаг утаснуудын нэг болж байна.
Ухаалаг утасны зах зээлд тарифын бодлогын тодорхойгүй байдал нэмэгдэж, өрсөлдөөн ширүүсэж байгаа энэ үеэд Apple компани мөн iPhone гар утасны Air хувилбарыг танилцуулахаар бэлтгэж байгаа юм.
Samsung компанийн мэдээлснээр Galaxy S25 Edge-ийн үнэ 1,099 ам.доллараас эхэлж, тавдугаар сарын 30-наас худалдаанд гарах аж. Энэ танилцуулга нь Galaxy S25 цувралын жил бүрийн гол загварын нээлтээс ердөө дөрвөн сарын дараа болж байгаа нь онцлог юм. Samsung компанийн шинэ, өндөр зэрэглэлийн төхөөрөмжүүдийг жилийн дунд үеэр, эвхэгддэг загваруудын хамтаар танилцуулдаг уламжлалтай.
Энэхүү алхам нь БНСУ-ын технологийн аварга компани зах зээл дээр S25 цувралын амжилтыг үргэлжлүүлэх, Хятадын өрсөлдөгчдийн нөлөө, эдийн засгийн тодорхойгүй байдлыг даван туулах зорилготойг харуулж байна.
Өнгөрсөн сард Samsung компани 2025 оны эхний улиралд S25 цувралын борлуулалт амжилттай явагдсанаар гар утасны салбартаа орлого, ашиг өссөн тухай мэдээлсэн.
Гэвч Samsung компанийн гар утасны салбарын дэд ерөнхийлөгч Даниел Араухо өнгөрсөн сарын тайлангийн үеэр улирлын шинж чанартай өөрчлөлт болон дэлхий нийтийн тарифын бодлогын нөлөөллөөс үүдэн хоёрдугаар улиралд ухаалаг утасны эрэлт буурах төлөвтэй байгааг анхааруулсан юм.
Нимгэн ухаалаг утас нь хэрэглэгчдийн сонирхлыг татах гол хүчин зүйл болох хандлагатай байгаа бөгөөд үйлдвэрлэгчид уламжлалт хэмжээтэй төхөөрөмжөөс татгалзахыг хүсэж буй хэрэглэгчдэд зориулан нимгэн төрлийн загваруудыг хөгжүүлж байна. Galaxy S25 Edge нь 6.7 инч дэлгэцтэй бөгөөд энэ нь S25+ загвартай ижил боловч илүү нимгэн, хөнгөн. Мөн хос камерын систем болон Samsung-ийн хамгийн сүүлийн үеийн хиймэл оюун ухааны (AI) шийдлүүдийг агуулжээ.
Apple энэ жил “iPhone 17 Air” нэртэй, нимгэн загвар бүхий шинэ бүтээгдэхүүнээ танилцуулахаар ажиллаж байгаа тул Samsung ийнхүү өрсөлдөгчөөсөө түрүүлж алхам хийж байгаа бололтой.