bnr-0
Хөрөнгө оруулагчид Трампын бодлогыг дахин дэмжиж эхэллээ
05 сарын 13, 2025
ХУВААЛЦАХ
  • АНУ-БНХАУ-ын тарифын зөрчлийг түр зогсоох шийдвэр нь Уолл Стрийтийн итгэлийг дахин сэргээв.
  • Трампын “зах зээлийг аврах” бодлого дахин идэвхжиж, хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтүүд огцом өсөв.
  • Гэхдээ зах зээлд үлдсэн тодорхойгүй байдал нь Холбооны нөөцийн банкны хүлээлт буурахад хүргэв.
Трампын худалдааны хэлэлцээ амжилтад хүрэх эсэх нь Ерөнхийлөгчийн хувийн байр сууринаас шууд хамааралтай хэвээр байна. Хэрэв тэрбээр байр сууриа огцом өөрчилбөл хэлцэл нурж, зах зээлийн итгэл дахин ганхах эрсдэлтэй юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын худалдааны дайнаас үүдэлтэй савлагаа ихтэй, итгэл сул байсан сарыг давсны дараа хөрөнгө оруулагчид Трампын бодлого дахин зах зээлд эергээр нөлөөлж магадгүй гэсэн хүлээлттэй болоод байна. “Трампын аврах баталгаа” буюу “Trump put” гэх нэр томьёо дахин эргэн идэвхжиж буй нь үүнийг илтгэнэ.

АНУ болон БНХАУ-ын талууд харилцан ногдуулсан тарифыг 90 хоногоор түдгэлзүүлэх тохиролцоонд хүрсний дараа Уолл Стрийтийн голлох индексүүд даваа гарагт 2 хувиас дээш өсөж, тарифаас хамгийн их хохирол амссан жижиг компаниудын Russell 2000 индекс 3 хувиар өссөн байна. Энэ өсөлт нь Трампын худалдааны бодлогын эрсдэл ба итгэлийн савлагаатай хэв маягийг дахин харуулж байна.

CFRA-ийн хөрөнгө оруулалтын стратегич Сам Стоволл “Ерөнхийлөгч энэ байдлыг хяналтаасаа алдахгүй, эдийн засгийг уналтад хүргэхгүй гэсэн итгэл дунд тодорхой бус байдал хэвээр үргэлжилж байна. Хөрөнгө оруулагчид амьсгаа авах боломж олдсон ч эрсдэл бүрэн арилаагүй” хэмээн онцолсон юм.

Одоогоор зах зээл Цагаан ордныг хөрөнгө оруулагчдын талд зогсож байна гэж харж байгаа ч, хэлэлцээний үр дүн хоёр талын нэр хүндээс хамаарах нарийн тэнцвэр дээр тогтож байна. Талууд хоёулаа ухралт хийхийг хүсэхгүй байгаа нь үргэлжилсэн тодорхойгүй байдлыг үүсгэж буй.

Трампын худалдааны хэлэлцээ амжилтад хүрэх эсэх нь Ерөнхийлөгчийн хувийн байр сууринаас шууд хамааралтай хэвээр байна. Хэрэв тэрбээр байр сууриа огцом өөрчилбөл хэлцэл нурж, зах зээлийн итгэл дахин ганхах эрсдэлтэй юм.

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент CNBC-д өгсөн ярилцлагадаа хэлэлцээ ойрын хэдэн долоо хоногт үргэлжилнэ гэж мэдэгдсэн. Мөн тэрбээр Хятадтай хийх хэлцэлд стратегийн салангид байдал болон фентанилтай холбоотой тарифын асуудал чухал байр суурь эзэлнэ гэж тодотгожээ.

TS Lombard-ийн стратегич Дарио Перкинс Бессентийн оролцоог зах зээлд эерэг дохио гэж үнэлсэн ч урт хугацааны хүлээлтийг даруухан авч үзэхийг анхааруулсан. “Трампын хоёр дахь бүрэн эрхийн үед Бессент бодлогыг зах зээлд ээлтэй, ойлгомжтой тайлбарлаж чадаж байна” гэж хэлсэн ч, Трампын “хэлцэл” заримдаа пи-ар шинжтэй, бодит агуулга бага байдгийг ч дурджээ. Тэрбээр “Трамп түргэн хугацаанд үр дүнтэй мэт харагдах хэлцлийг илүүд үздэг. Их Британи болон Хятадтай хийсэн хэлцлүүд нь бодит үр дүн гэхээсээ илүү хийсвэр шинжтэй байсан” гэж дүгнэжээ.

Нөгөө талаас Barclays-ийн стратегичид эдийн засгийн өсөлт саарсан, ашгийн таамаг буурсан болон Холбооны нөөцийн банкны хүлээлт зэрэг хүчин зүйлсийг харгалзан “эрсдэлийн хөрөнгөд төвийг сахисан” байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. Тэдний үзэж буйгаар, одоо анхаарах гол зүйл нь бодлогын мэдэгдэл бус, инфляц болон эдийн засгийн бодит үзүүлэлтүүд юм.

Даваа гарагт зах зээлд оролцогчид Холбооны нөөцийн банкны дараагийн хүүгийн бууралтыг есдүгээр сар хүртэл хойшлогдох таамаг гаргасан. Энэ нь оны эцэс гэхэд хүүг гурван удаа бууруулна гэсэн өмнөх хүлээлтийг хоёр болгож багасгасан үзүүлэлт юм. Худалдааны хэлцэл ахицтай байгаа ч Трампын зүгээс зах зээлийг тогтворжуулах бодит чадамж хязгаарлагдмал хэвээр байна. Дарио Перкинс үүнийг “Трампын хувьд хамгийн өөдрөг хувилбар гэдэг нь түүний өмнө хийсэн бүхнийг буцаахтай адил” хэмээн егөөдөв.   

mobile-logo