- “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тарифын бодлого компанид одоогоор харьцангуй бага нөлөөлж байгааг онцоллоо.
- “Apple”-ийн гол бүтээгдэхүүнүүд Трампын 145 хувийн тарифт өртөөгүй ч зургадугаар сараас хойш юу болохыг урьдчилан хэлэхэд хүндрэлтэй талаар Күүк хэлэв.
- Компанийн хувьд АНУ-д нийлүүлэх бүтээгдэхүүнээ Энэтхэг, Вьетнам зэрэг оронд үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд iPhone-ийг Энэтхэгт, харин iPad, Mac, Apple Watch болон AirPods-ийг Вьетнамд үйлдвэрлэх төлөвтэй байна.

“Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тарифын бодлого компанид одоогоор харьцангуй бага нөлөөлж байгаа ч цаашдын нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байгааг онцоллоо. Тэрбээр хоёрдугаар улиралд тарифын улмаас 900 сая ам.долларын нэмэлт зардал гарахаар байгаа нь шинжээчдийн хүлээлтээс доогуур үзүүлэлт болохыг дурдсан байна.
Одоогийн байдлаар “Apple”-ийн гол бүтээгдэхүүнүүд Трампын 145 хувийн тарифт өртөөгүй ч зургадугаар сараас хойш юу болохыг урьдчилан хэлэхэд хүндрэлтэй талаар Күүк онцолжээ. Компанийн хувьд АНУ-д нийлүүлэх бүтээгдэхүүнээ Энэтхэг, Вьетнам зэрэг оронд үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд iPhone-ийг Энэтхэгт, харин iPad, Mac, Apple Watch болон AirPods-ийг Вьетнамд үйлдвэрлэх төлөвтэй байна.
Күүк тарифын нөлөөллийг зөөлрүүлэх зорилгоор хангалттай хэмжээний нөөц бүрдүүлж, ханган нийлүүлэлтийн сүлжээг оновчтой удирдаж чадсан хэмээн багийнхаа гүйцэтгэлд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Гэсэн ч зарим дагалдах хэрэгсэл нь Хятадаас импортлогддог тул өндөр тарифт өртөж болзошгүй байгаа аж.
Түүнчлэн Энэтхэг, Вьетнам улс долдугаар сараас эхлэн нэмэлт тарифын дарамтад өртөж болзошгүй байгаа нь “Apple”-ийн олон жилийн бэлтгэл ажлыг эрсдэлд оруулж болзошгүйг Күүк анхааруулав. Мөн хагас дамжуулагч зэрэг технологийн зарим бүтээгдэхүүн тарифын дараагийн бай болох магадлалтайг ч дурдсан байна.
Хэдийгээр iPad болон Mac-ийн борлуулалт сайн байсан ч, Күүк ирэх улирлаас цаашдын ирээдүйг тодорхойлоогүй нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сулруулж, “Apple”-ийн хувьцааны ханш арилжааны явцад 4 хувиар унажээ.
Товчхондоо, “Apple” одоогоор тарифын дарамтыг давж ажиллаж байгаа ч цаашдын төлөв байдал тодорхойгүй хэвээр байна.