bnr-0
Хүний тархин дахь микро хуванцрын хэмжээ сүүлийн 8 жилд 50 хувиар нэмэгджээ
05 сарын 02, 2025
ХУВААЛЦАХ
  • Хүний тархинд хуримтлагдсан бичил хуванцрын хэмжээ сүүлийн найман жилийн хугацаанд 50 хувиар өссөн байгааг судалгаагаар тогтоожээ.
  • Тархины духны хэсэгт л гэхэд эдийн нэг грамм тутамд ойролцоогоор 4,917 микрограмм хуванцар илэрсэн нь 2016 онд бүртгэгдсэн 3,345 микрограммаас өссөн үзүүлэлт юм.
  • Тус судалгаагаар тархинд шингэсэн хуванцрын хэсгүүд ихэнхдээ өнгөгүй, тунгалаг, бөөрөнхий, утаслаг, хурц ирмэгтэй зэрэг олон хэлбэртэй байсан ба хоол, ус, агаар зэргээр дамжин биед нэвтэрч байдаг аж.
Тархинд хамгийн их хуванцар хуримтлагддаг

Хүний тархинд хуримтлагдсан бичил хуванцрын хэмжээ сүүлийн найман жилийн хугацаанд 50 хувиар өссөн байгааг судалгаагаар тогтоожээ.

Nature Medicine сэтгүүлд нийтлэгдсэн "Нас барсан хүмүүсийн тархин дахь бичил хуванцрын хуримтлал" нэртэй судалгаагаар АНУ даяар 30 хүний тархи, элэг, бөөрний эдээс дээж авч шинжилжээ. Судлаачид бичил болон нано хуванцруудыг хэмжихэд, тархинд хамгийн өндөр агууламж илэрсэн ба энэ нь бусад эрхтнүүдтэй харьцуулахад 10 дахин их байжээ. 

Тархины духны хэсэгт л гэхэд эдийн нэг грамм тутамд ойролцоогоор 4,917 микрограмм хуванцар илэрсэн нь 2016 онд бүртгэгдсэн 3,345 микрограммаас өссөн үзүүлэлт юм. Мэргэжилтнүүд энэ хэмжээг энгийн нэгэн хуванцар ууттай дүйцэхүйц гэж үзэж байна. 

Тархинд хамгийн их хуванцар хуримтлагддаг

Энэхүү үр дүн нь хуванцрын нарийн хэсгүүд хүний эд эрхтэнд гүн нэвтэрч байгааг харуулж байгаа бөгөөд ялангуяа тархинд хамгийн ихээр шингэж байна.

Тархины өндөр тослогийн агууламж болон тогтмол цусны эргэлт нь хуванцар хуримтлагдахад илүү өртөмтгий болгодог хэмээн Туркийн хавдрын мэргэжилтэн профессор Мустафа Оздоган онцоллоо.

Тус судалгаагаар тархинд шингэсэн хуванцрын хэсгүүд ихэнхдээ өнгөгүй, тунгалаг, бөөрөнхий, утаслаг, хурц ирмэгтэй зэрэг олон хэлбэртэй байсан ба хоол, ус, агаар зэргээр дамжин биед нэвтэрч байдаг аж.

Судалгаагаар полиэтилен нь тархинд хамгийн их илэрсэн хуванцар гэж тогтоогдсон. Энэ төрлийн хуванцрыг голдуу хуванцар уут, усны сав, хүнсний баглаа боодол зэрэгт өргөнөөр ашигладаг юм. 

Савласан ус уудаг хүн жилд 90,000 хүртэлх бичил хуванцрыг залгиж байдаг. 

Тэрбээр дараах зөвлөмжийг өгчээ:

  • шил эсвэл зэвэрдэггүй ган сав ашиглах
  • хүнсний бүтээгдэхүүнийг халаахдаа хуванцар савнаас зайлсхийх
  • шилэн саванд хүнс хадгалах
  • даавуун тор хэрэглэх  

 

mobile-logo