- Даваа гарагт Ази, Номхон далайн бүсийн хөрөнгийн зах зээл харилцан адилгүй, холимог хөдөлгөөнтэй нээгдлээ.
- Хятадын Төв банк хүлээлтийн дагуу нэг жилийнхээ хүүг 3.1 хувь, 5 жилийн хүүг 3.6 хувьд хэвээр хадгаллаа.
- Алтны ханш унци нь 3,368 ам.доллар давж, шинэ дээд түвшинд хүрлээ.

Даваа гарагт Ази, Номхон далайн бүсийн хөрөнгийн зах зээл харилцан адилгүй, холимог хөдөлгөөнтэй нээгдлээ. Үүний шалтгаан нь хөрөнгө оруулагчид Хятадын бодлогын хүүгийн шийдвэрийг хүлээж, АНУ-БНХАУ-ын худалдааны хурцадмал байдал зах зээлд нөлөөлсөөр байгаатай холбоотой аж.
Японы Nikkei 225 болон Topix индекс тус бүр 1 хувиас дээш уналттай нээгдсэн бол Өмнөд Солонгосын Kospi 0.1 хувь, Kosdaq 0.15 хувиар буурчээ. Харин Хятадын Төв банк хүлээлтийн дагуу нэг жилийнхээ хүүг 3.1 хувь, 5 жилийн хүүг 3.6 хувьд хэвээр хадгалсан нь юанийн ханшийг тогтворжуулах зорилготой гэж үзэж байна.
Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны нөөцийн банкийг шүүмжлэн, бодлогын хүүг бууруулахыг шаардсан нь зах зээлд тодорхойгүй байдлыг улам нэмэгдүүлэв. Үүний улмаас АНУ-ын гол индексүүд өнгөрсөн долоо хоногт гурав дахь удаагаа дараалан буурсан бөгөөд фьючерс ханш даваа гарагт дахин суларсан байна.
Мөн Трамп “АНУ дотоодын автомашин үйлдвэрлэгчдээ дэмжинэ” хэмээн мэдэгдсэний дараа Япон, Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш өмнөх өсөлтөө алдаж буурсан байна. Японы “Suzuki” 4.2 хувиар, “Toyota” 2.3 хувиар унасан бол Солонгосын “Hyundai” бага зэрэг буурч, “Kia” 0.34 хувиар өссөн үзүүлэлттэй байв.
Энэ бүх тодорхойгүй байдлын дунд хөрөнгө оруулагчид үнэт металлыг илүүд үзэж, алтны ханш унци нь 3,368 ам.доллар давж, шинэ дээд түвшинд хүрлээ. Мөн бүс нутгийн валютуудын ам.доллартой харьцах ханш чангарсан байна. Японы иен сүүлийн долоон сарын хамгийн өндөр түвшинд хүрсэн бол Солонгосын вон, Австрали доллар, Сингапур доллар зэрэг мөн ам.долларын эсрэг чангарсан байна.