- Алтны ханш унци нь 3,400 ам.долларыг давж, түүхэн дээд түвшинд хүрлээ.
- Алтны фьючерс 2.91 хувиар өсөж, унци нь 3,425.30 ам.долларт хүрч хаагдсан бол ам.долларын ханш сүүлийн гурван жилийн хамгийн доод түвшинд хүрчээ.
- Citi банкны үзэж буйгаар хөрөнгө оруулалтын эрэлт олборлолтоос давж байгаа тул алтны үнэ ирэх гурван сарын хугацаанд 3,500 ам.долларт хүрч өсөх төлөвтэй байна.

Алтны ханш унци нь 3,400 ам.долларыг давж, түүхэн дээд түвшинд хүрлээ. Уг өсөлт нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны нөөцийн банкны бие даасан байдалд заналхийлж, хөрөнгө оруулагчдын АНУ-ын эдийн засагт итгэх итгэлийг ганхуулах болсонтой холбоотой юм.
Алтны фьючерс 2.91 хувиар өсөж, унци нь 3,425.30 ам.долларт хүрч хаагдсан бол ам.долларын ханш сүүлийн гурван жилийн хамгийн доод түвшинд хүрчээ.
Алтны ханш энэ оны эхэн үеэс 30 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Даваа гарагт Трамп Холбооны нөөцийн банкны тэргүүн Жером Пауэллд шахалт үзүүлж, түүнийг “бүтэлгүй хүн” хэмээн нэрийдэж, Төв банкнаас бодлогын хүүгийн түвшнийг нэн даруй бууруулахыг шаардсан юм. Харин үүний өмнө Жером Пауэлл Ерөнхийлөгчийн тарифууд ойрын хугацаанд инфляцыг хөөргөдөж болзошгүй талаар анхааруулсан.
Трамп Пауэллыг огцруулах боломж байгаа эсэхийг судалж байгаа тухай Цагаан ордны эдийн засгийн зөвлөх Кевин Хассет баасан гарагт мэдэгджээ.
Алтны ханш энэ жил эрчимтэй өсөж байгаа нь АНУ-д итгэх итгэл буурч, Төв банкнууд алтны нөөцөө нэмэгдүүлж байгаатай холбоотой. Citi банкны үзэж буйгаар хөрөнгө оруулалтын эрэлт олборлолтоос давж байгаа тул алтны үнэ ирэх гурван сарын хугацаанд 3,500 ам.долларт хүрч өсөх төлөвтэй байна.